Төв аймгийн Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. Тодруулбал, наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүртгэгдсэн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь өчигдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тухайн тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа аж.
Мөнгөнморьт суманд наймдугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Мөн голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа аж.