Жил бүр уламжлал болгон хоёр удаа зохион байгуулдаг "Номын баяр" ирэх есдүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно. 34 дэх удаагаа болох гэж буй уг баярын талаар дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй гарах юм.
Орон даяар өргөн хүрээнд тэмдэглэдэг болж буй номын баярыг 2007 оноос “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Одоо “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн 5,9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулж байна.
Энэхүү баярт зохиолч, уран бүтээлчдээс гадна хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог. Баярын өдрүүдээр номыг уншигчдад хямд үнээр хүргэх, уншигч, зохиолчдыг уулзуулах, номтой холбоотой гэгээн дурсамж бүтээх орон зай, цаг хугацааг бүрдүүлдгээрээ онцлог. Мөн ном хэвлэн нийтлэгч, орчуулагч, редактор, хэвлэлийн газруудад уншигч, хэрэглэгчтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах боломжийг олгодог давуу талтай. Тийм ч учраас номонд хорхойтой хэн бүхний хүсэн хүлээдэг өдрүүд билээ.