Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой. Наадмын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 17-ний 20:23 цагт эхэлсэн юм. Наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж буй бөгөөд 1000 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байгаа юм. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтан Я.Маралмаа сэтгэгдлээ хуваалцлаа.
-Олон улсын тэмцээнд анх удаа сайн дурын ажил хийж байна. Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажил хийж байгаа нь миний хувьд том туршлага хуримтлуулж байгаа үйл явдал. Өмнө нь Монголын хүүхдийн зөвлөл, Улаан загалмайн нийгэмлэгт сайн дурын ажил хийж байсан.
Зүүн Азийн залуучуудын наадам нь Монголд анх удаа спортын олон төрлөөр зохион байгуулж байгаа олон улсын тэмцээн гэдгээрээ онцлогтой. Мөн энэ наадмыг би өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харж буй. Олон орны хүмүүстэй англи, солонгосоор ярьж, хэлээ сайжруулж, туршлага хуримтлуулж байгаа. Тэмцээнийг зохион байгуулахын тулд 2000 гаруй сайн дурын ажилтан, мөн техникийн ажилчид ажиллаж байна. Түүнчлэн монголчуудыгаа тус наадмыг шимтэн үзэж, Монголынхоо төдийгүй олон улсын тамирчдыг дэмжээрэй гэж хүсье.