Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс хийсэн үерийн эрсдэлтэй 86 байршлын судалгааны дүнг өнөөдөр мэдээллээ. Энэ үеэр Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Дэлхийн уур амьсгалын температур сүүлийн 100 жилд +1.1 хэмээр дулаарсан бол Монгол оронд бодит ажиглалтын буюу сүүлийн 80 жилийн мэдээгээр хийсэн судалгаагаар +2.4 хэм дулаарсан байна. Тэр дундаа Улаанбаатар хотын уур амьсгал +3.3 хэмээр дулаарсан гэсэн үр дүн гарсан.
Бид бодит ажиглалтын мэдээг Монгол Улсад ганц байдаг супер компьютероор хийсэн тоон загварчлалын загвар ашиглаж хийсэн. Монголд төдийгүй дэлхий нийтэд үер, ус, хүчтэй салхи, шуурга, ган зуд зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна.
Энэ бүгдээс хур тунадасны хуваарилалтыг авч үзвэл аадар бороо орох магадлал илүү өсөж, шиврээ бороо орох тохиолдол багасаж байна. Энэ нь богино хугацаанд их хэмжээний устай бороо орж, үерийн эрсдлийг улам нэмэгдүүлж буй бодит судалгааны мэдээ гарч байна.
Сүүлийн жилүүдэд манай оронд гамшигт үзэгдлийн хэмжээ ихэссээр байгаа нь тэр хэмжээгээр манай улсын эдийн засагт эрсдэл, хохирол учирна гэсэн үг.
Энэ ташрамд, температурын хэмжээ нэмэгдэхэд хур тунадасны хэмжээ багасна гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл өвлийн хур тунадас болон зун нь аадар орох магадлал ихсэж байгааг анхаарах хэрэгтэй. Манай оронд долоо болон наймдугаар сард хур тунадасны хэмжээ нэмэгддэг.
Мөн Улаанбаатар хотод цаг уурын дөрвөн автомат станц ажиллаж байна. Төв болон зүүн талдаа цаг уурын станц ажилладаггүй. Бас улсын хэмжээнд ганцхан ширхэг радар байна. Тиймээс радарын сүлжээ Улаанбаатар хотод маш яаралтай хэрэгтэй. Радарын тоог нэмэгдүүлэх нь үер усны аюулаас сэргийлэхэд чухал нөлөөтэй. Цаг уурын станцууд, усны харуулын тоог нэмж, үерийн эрсдэлтэй газрууд, дүүрэг болгондоо тавих шаардлагатай байна" гэв.