Монголын ард иргэдийн үзэл бодол байтугай Монголын хууль үйлчилдэггүй “Дархан цаазат” компани бол “Бороо Гоулд” гэхэд хилсдэхгүй болов уу. Ийн өгүүлэхийн учир,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Бороо гоулд” компанийн талбайгаас эртний амьтдын олдвор илэрсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан юм. Гэтэл уг компаниас мэдээллийг няцааж мэдэгдэл гаргасан.
“Бороо Гоулд” компанийн талбайгаас нийгмийн сүлжээгээр бичиж буй шиг үлэг гүрвэлийн олдвор илрээгүй ч тус компанийн чингэлгээс одоогоос 30-20 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны соёоны хэсэг, шууны яс болон одос үхрийн эвэрний хэсэг гэсэн гурван олдворыг Цагдаагийн ерөнхий газраас илрүүлж Палентологи, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар “Засгийн газрын мэдээ” сонинд дурдсанаар “...эдгээрийг “Бороо гоулд” компани олборлолт хийж байх үедээ илрүүлсэн. Гэхдээ энэ нь саяхных бус, нэлээн хэдэн жилийн өмнө олсон олдвор байсан аж” хэмээн бичсэн байна.
“Бороо Гоулд” кампани уг олдворыг юунд нуун дарагдуулсан бэ, нууснаар компанид ямар ашигтай вэ?
Соёлын өвийг хамгаалах хуулийн 38.3-т “Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож, энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл, олдворын талаар шинжлэх ухааны байгууллагад мэдээлбэл тухайн хэсгийг хамгаалалтад авч, олборлолтыг зогсоодог аж. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр зөвхөн олдворыг бус, түүний олдсон газрыг ч хамгаалалтад авдаг болсон байна.
Мөн 23.1-т “Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ” гэжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Байгальмаагаас энэ талаар тодруулахад ““Бороо Гоулд” компаниас энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй. Энэ асуудал дээр хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Манайх хуулийн байгууллагын шийдвэр гарсны дараа цаашдын арга хэмжээг авна” гэлээ.
Энэ асуудлыг тодруулахаар “Бороо Гоулд” компани оффист нь очиход “Хүн хүлээн авах боломжгүй байгаа гэж мэдэгдсэн. Ер энэ шалтгаанаар олон сэтгүүлчдийг буцаасан” хэмээн ШангриЛагийн ресепшин хэллээ.
Ер нь Канадын хөрөнгө оруулалттай энэ компани Монголын хуулийг гууль болгоод заншчихсан. Монголын төрөөр тохуурхсан энэ мэт үйлдэл цөөнгүй бий. Жишээ дурдъя.
Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал. Дэлхийд нэрээ дархалсан бидний өвөг Хүннүгийн ул мөр, булш бунхан Ноён ууланд бий. Монголын төдийгүй Азийн дэлхийн үнэт дурсгалын өлгий болсон энэ газарт “Бороо Гоулд”-ын толгой компани болох “Сентерра гоулд” компани мөн л олборлолт хийж байсан. Иргэд тэмцэж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн өрнөөд одоо ч “цучил” нь бий. Тухайн үед Ноён уулын асуудал хурцаар яригдаж байхад “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн захирал Д.Сандаг “Манай компанийн хувьд сум, орон нутагтай ойр дотно ажилладаг. Сар бүр хийж буй ажлаа танилцуулж, хойшид хийх ажлаа ч хэлэлцдэг. Ганц Мандал сум гэлтгүй Төв аймгийн бусад сумдын дарга нар үүнийг мэднэ. Ц.Эрдэнэхүү дарга ч үүнийг батлах байх” хэмээн ярьж байсан ч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү тухайн үед “Уул, уурхай, ашигт малтмалын тухай хууль эрхзүйн актуудад орон нутгийн байр суурийг орхигдуулснаас болоод, “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийнхан бидэнтэй огт уулзаагүй” гэж байсан юм.
Үүнээс гадна “Бороо Гоулд” Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Их Таширын нуруунд олборлолт хийсэн бөгөөд олборлолт хийх явцдаа арсин буюу хүнцэл хэрэглэсэн талаар хэвлэлүүдэд бичиж байсан. Тодруулбал “Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан миллграмаас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө хоёр миллграмм байхад л хортой гэж тогтоосон байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 47000мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг” хэмээн sonin.mn сайтад нийтлэгдсэн нь бий.
Мөн тогтвортой байдлын гэрээ нэрийдлээр олон жил татвараас хууль бусаар бултаж байсан. Тодруулбал, 2009 оны зургадугаар сарын 5-ны өдөр МХЕГ-ын Байгаль орчин, Геологи, Уул уурхай, Цацрагийн хяналтын улсын албаны дарга Б.Саран тэргүүтэй хүмүүс уг компанид хяналт шалгалт хийхэд нэлээд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байдаг. Үүнд,
Нэгдүгээрт, Тогтвортой байдлын гэрээнд туссанаар тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 2004 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүрэн чөлөөлөгдөж, 2007 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувиар төлж эхэлсэн. 2010 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн орлогын албан татварын хөнгөлөлтийн хугацаа дуусч уг татварыг бүрэн төлж эхлэхээр гэрээнд заасан аж. Уг заалтаар 2004-2006 онд Бороо гоулд ХХК нь гурван жилийн турш аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвараас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү чөлөөлөлт нь 91 тэрбум төгрөг болжээ.
Хоёрдугаарт, Уг компани 2004-2009 онд олборлолтын явцад нийт 586.7 га газар эвдрэлд оруулсан. Түүнийхээ 160 га талбайд л техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутгийн нөхөн сэргээлт хүлээн авах комисс 145 га талбайг 2009 онд хүлээн авсан байдаг.
Гуравдугаарт, Баяжуулах үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулж эхлэх нөхцөл, шаардлагыг бүрдүүлээгүй буюу нөөц бүртгүүлээгүй, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулаагүй, үйлдвэрийн техник, технологийг улсын комисс хүлээн аваагүй байхад нуруулдан уусгах аргаар баяжуулах нөөцийн зөвшөөрлийг зохих ёсоор авалгүй ажлаа эхлүүлж, 2008 оны зургадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд 1229.71 мянган тонн хүдэр боловсруулж, 583 кг, 2008 оны арван нэгдүгээр сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацаанд 1130.92 мянган тонн хүдэр боловсруулж, 639кг, нийтдээ 1222 кг /Бороо гоулд компанийн гаргаж өгсөн мэдээллээр/ алт олборлон борлуулсан нь “Ашигт малтмалын хууль”-ийн 35.4 дүгээр заалтыг зөрчсөн” гэсэн зөрчлүүд илэрсэн бөгөөд энэ дүгнэлтийн дагуу АМГ-ын ГУУКХ-ийн 2009 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 290 тоот шийдвэр гарч, дээрх хоёр тусгай зөвшөөрлийн эрхийг гурван сараар түдгэлзүүлсэн байдаг.
Энэ мэтчилэн “Бороо Гоулд” компанийн хууль бус үйлдлүүдийг дурдаад байвал барагдахгүй. Хамгийн гол нь өдийг хүртэл дээрхи асуудлууд дээр хариуцлага хүлээгээгүйг нь бодоход төрийн болон хуулийхны амийг таглаад авсан, мөн үүнээс гадна саяын хэрэг дээр уг компани олборлолтын эрхийг нь зогсоож палеонтологийн малтлага хийх вий гэж эмээсэндээ хэргээр уг мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй байх хэмээн сэтгүүлчийн хардах эрхийн хүрээнд дүгнэж байна. Тэд ямар ч тохиолдолд “уснаас хуурай” гараад сурчихсан улс даа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (9)