-
2015 оны 12 сарын 17
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.
Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 17
Баянзүрх дүүргийн 13 хороо Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны барилгын тааз одоогоос гурван жилийн өмнө нурсан билээ. Тухайн үед Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид сургууль дээр ажиллаж, тус сургуулийн 1-р давхрын 00-ын өрөөний урд талын таазны хэсэг нурж, цаашид нурах аюултай, осол гарах нөхцөл бий болсон байна гэж үзэж улсын байцаагч акт тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Ийнхүү нурах аюултай гэж актлагдаад гурван жил болж байгаа бөгөөд сургуульгүй болсон багш, сурагчид тун хүнд байдалтай байсаар байгаатай холбогдуулан багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийнхаа өмнө цуглаж жагсах ажээ. Сургуулийн сурагчдын хувьд гурван сургууль хуваагдан хичээллэж байгаа юм байна.
-
2015 оны 12 сарын 17
1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” энэ сарын 25-нд болно
-
2015 оны 12 сарын 17
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
-
2015 оны 12 сарын 17
2015 оны 12 дугаар сарын 16-ны 20 цагаас 12 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 16
Ховд аймгийн Хар-Ус нуурын мөсөн дээгүүр машинтай явж, мөс цөмөрсний улмаас живж, хоёр иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа.
Тодруулбал, өчигдөр 10.12 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт аймгийн төвөөс 102 км, Дөргөн сумын төвөөс 10 км зайд Хар-Ус нуурын мөс цөмөрч, машин живсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу аврах 14 албан хаагч хэргийн газар ажиллаж, 29 настай иргэн О нуурын эргээс 1.5 км-т осгож нас барсан байсныг, иргэн Б нуурын усанд амиа алдсаныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Машин унасан нуурын хэсгийн усны гүн дөрвөн метр, мөсний зузаан 15-18 см орчим, нуурын эргээс 500 метр газар байжээ.
-
2015 оны 12 сарын 16
Сэлэнгэ аймгийн прокурорын газар аймгийнхаа хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиох ажилаа эрчимжүүлж ажилласан байна.
Тус прокурорын газар нь 2015 онд энэ чиглэлээр хууль суртачлах хурал зөвлөгөөн 19 удаа хийж гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар сум, аж ахуйн нэгж байгууллагад прокурорын мэдэгдэл 31 бичиж хэрэгжилтийг тооцон ажилласан байна.
Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сум багт ажиллах хуваарь гарган ажилласан ба 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Шаамар сумын Дулаанхаан тосгонд хууль суртачлах ажил зохион байгуулж хяналтын прокурор Б.Долгион, Н.Гэрэлмаа нар тус тосгоны захирагчийн албаны ажилтнууд, иргэдийг оролцуулан авлига, ашиг сонирхлын зөрчил сэдвээр сургалт явуулжээ.
-
2015 оны 12 сарын 16
Зөрчлийн тухай хууль ирэх оны 9-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Энэхүү хуульд зөрчил гаргасан этгээдийн баривчлахгүй. Харин торгох, эрхийг хасах гэсэн хоёр төрлөөр шийтгэх юм.
Энэ хууль бол товчхондоо баривчлах, хорих явдлыг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хариуцлагын хүнд хэлбэр гэж үзэж, түүнээс татгалзсан хууль юм. Энэ хуулиар нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, хориг, стандарт, нормыг зөрчиж байгаа үйлдлийг зөрчил гэж ерөнхийд нь үзэх бөгөөд 600 орчим зөрчил багтаж байгаа юм байна. Зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор байгаа юм. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл хувь хүн 10 мянгаас 20 сая төгрегеөр торгуулна гэсэн үг.
-
2015 оны 12 сарын 16
хятадын “Хуавей технологи” ХХК-тай хамтран ажиллана
-
2015 оны 12 сарын 16
ШӨХТГ орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгасан.
Уг шалгалтын үеэр “узелийн цахилгааны зардал”, “ус дулаан дамжуулах төвийн зардал”, “насос тог”, “ЦТП”, “УДДТ” нэрээр сар бүр нэг өрхөөс 2400-11000 төгрөгийг хууль бусаар авч байсан нь тогтоогдсон.
Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ, тарифт үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны зардлуудыг тооцон баталдаг тул дээрх нэмэлт төлбөрүүдийг авах нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дах заалт болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг зөрчиж байгаа юм.
Тунамал өргөө ХХК, Батбаян дулаан ХХК, Богд Асар ХХК, Тэлмүүн орд ХХК, Бадамлах нар ХХК нийт 4783 айл өрхөөс хууль бус төлбөрийг авч байсан ба ШӨХТГ-ын албан шаардлагын дагуу Богд Асар ХХК-аас бусад 4 аж ахуй эрхлэгч зөрчлөө таслан зогсоосноо мэдэгдсэн.
Зөрчлөө үргэлжлүүлж, нийт 1730 айл өрхөөс сар бүр УДДТ нэрээр 6000 төгрөг авч байсан Богд Асар ХХК-ийн энэ үйлдлийг ШӨХТГ иргэдийг хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө татсан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад холбогдох материалыг шилжүүлсэн билээ. Тэгвэл 2015.11.29-ний өдөр Богд Асар ХХК хууль бус хураамж авахаа зогсоосноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Мөн “Таункомфорт” ХХК БГД-ийн 3998 айл өрхөөс “насос цахилгаан” нэрээр сар бүр 5150 төгрөг, “Азын завод” ХХК БЗД-ийн 812 өрхөөс “ЦТП” нэрээр сар бүр 4000 төгрөг, “Цонхлон үйлс” ХХК ХУД-ийн 650 өрхөөс “ЦТП/насос” нэрээр сар бүр 5000 төгрөгийг хууль бусаар авч байсныг тогтоож улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсний дагуу тус газрууд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдээд байна.
БГД, БЗД-ийн ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг “Монтс” ХХК 1991 айл өрхөөс сар бүр 3400 төгрөгийг, БГД, ХУД-ийн ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг “Хаусинг Холд” ХХК нь нийт 1863 айл өрхөөс сар бүр 3217 төгрөгийг авч байсан зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.
“Тэлмүүн орд” ХХК иргэдийн ирүүлсэн баримт дээр үндэслэж хохирлыг барагдуулж байгаагаа мэдэгдсэн. “Азын завод” ХХК нь айл өрхөөс өмнө хууль бусаар авсан мөнгийг 2015 оны 12 сарын төлбөл зохих дүнгээс нь хасаж тооцож хохирлыг барагдуулахаа албан ёсоор мэдэгдсэн. “Богд Асар” ХХК-ийн хувьд ШӨХТГ-аас нийт 68 айл өрхийн баримтыг төвлөрүүлж Иргэний хэргийн шүүхэд хандсан. Бусад конторуудын хувьд хохирлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-аас иргэдийн төлбөрийн баримтыг төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
-
2015 оны 12 сарын 16
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Нийслэлчүүд бидний нэрлэж заншсанаар “120 мянгат”-ын 50 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Анх 1964-1965 онд 120 мянгатын 22 байшинг ашиглалтад оруулж хүлээлгэж өгсөн бөгөөд улмаар 1992 онд Засаг захиргааны шинэчилсэн бүтцээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо хэмээн нэрлэсэн аж.
Хан-Уул дүүргийн 157 га газар нутагт орших тус хороо ажилчны дүүрэгт зориулсан анхны орон сууцны хороолол гэдгээрээ онцлогтой юм. 2010 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нэгдүгээр хороо, 15 дугаар хороо болон хуваагдаж, өнөөдрийн байдлаар нийт 120 мянгат, 19 дүгээр хорооллын 2299 өрх бүхий 9498 хүн амтай, 45 байрыг хамруулсан том хороолол болтлоо өргөжин тэлжээ. Нэгдүгээр хороо нь энэ онд Нийслэлийн тэргүүний хороо болсон юм.
Тус хороонд Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургууль, 53, 67 дугаар цэцэрлэгүүд, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа мөн 115 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж, нутаг дэвсгэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хөдөлмөрлөж байна. Ойн баярын хүрээнд хорооныхоо иргэдийг хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, НИТХ-ын төлөөлөлгч Д.Байдраг, ДИТХ-ын дарга нэгдүгээр хорооны Засаг дарга Б.Болд, хорооны ИНХ-ын дарга М.Тогтохням нар оролцлоо. 50 жилийн ойгоо тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Д,Байдраг, Хорооны Засаг дарга Б.Болд, ИНХ-ын дарга М.Тогтохням нар үг хэлсэн юм. Хүндэтгэлийн концертод УДБЭЧ-ийн бүжигчид, дуучид мөн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, хүүхдийн дуучин МУГЖ М.Долгор нар ая дуугаа өргөлөө. Түүнчлэн хорооныхоо ууган иргэдэд хүндэт иргэн жуух бичиг гардуулж, хорооныхоо 50 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Мөн 50 жилийн түүхийг өгүүлсэн баримтат киног толилуулсан юм гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 16
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирддагын төвд уржигдар гэмт хэргийн шинжтэй 90 дууддага ирсний 58 нь хулгайнх байв. Тэдний ихэнх нь автомашинаас эд зүйлс тоносон тухай аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Ц бусадтай бүлэглэн, Баянгол дүүргийн XII хорооны 24 дүгээр байрны гадаа байсан ‘Тоёота премио” маркийн автомашины салхины шилийг хагалж, хонь, ямааны гулууз мах хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Мөн тус дүүргийн IV хорооны 13 дугаар байрны гаднах зогсоолд байсан ‘Тоёота приус” маркийн автомашины дулаан хучлагыг оршин суух тодорхой хаяггүй, 42 настай эрэгтэй хулгайлсныг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн харьяат, 17 настай эмэгтэй “Голомт” банкны нэгэн салбарт хуурамч 50 юаниар гүйлгээ хийсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 16
ШӨХТГ-аас 2015 оны 6 сард улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад үнэгүй цэвэр усаар үйлчилж байгаа байдалд хяналт шалгалт хийж 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 12 дугаар сарын 04-ний хооронд гүйцэтгэлийн шалгалтыг хийлээ.
2015 оныг дэлхий нийтээрээ эрүүл зөв, зохистой хооллолтын жил болсонтой холбогдуулан Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг ШӨХТГ-аас хэрэгжүүлж 2015-2016 оны хичээлийн жилийг улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгон энэ ажлыг бүх сургуулиудыг хамруулан зохион байгуулах талаар аймаг, нийслэлийн засаг дарга нарт чиглэл өгч, хяналт тавьж ажиллав.
Мөн сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоох талаар чиглэл өгөв. Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ удаагийн шалгалтанд 17 аймаг, 6 дүүргийн нийт 212 сургууль хамрагдсан байна. Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тайлан мэдээгээ ирүүлээгүй байна.
Энэ оны 6 сард хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 674 ш ус цэвэршүүлэх төхөөрөмжтөй байсан бол 1031 ш болж 357 –аар нэмэгдсэн дүн гарч байна.
Энэ хичээлийн жилийг сурагчдад сургууль дээр үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгосонтой холбогдуулан хэдийгээр эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа ч дээрхи ажлыг сайн зохион байгаа аймаг дүүргүүд цөөнгүй байна. Тухайлбал: Архангай аймгийн сургуулиуд шинээр 86 ш ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж бусдыгаа хошуучилсан бол Баянхонгор 38 ш, Ховд 21 ш, Дархан-Уул 17ш, Төв 13ш, Өмнөговь 11ш, Сүхбаатар дүүрэг 48 ш, Хан-Уул дүүрэг 20 ш, Баянзүрх дүүрэг 14 ш ус цэвэршүүлэх төхөөрөмж шинээр тавьсан байна.
Гэтэл Дорноговь аймаг 2 ш, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд энэ онд нэг ч ус цэвэршүүлэх төхөөрөмж нэмж тавиагүй байна.
Сурагчдад сургууль дээр үйлчлэх цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх ажилд эцэг, эхчүүдийн хандив, UNICEF, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагууд болон НҮБ-ийн хүүхдийн төлөө сангийн тусламж голлох үүрэг гүйцэтгэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй.
-
2015 оны 12 сарын 16
Швейцарийн визийг Чех Улсын Элчин сайдын яам олгоно
Бүгд найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Швейцарийн холбооны улсад зорчих богино хугацааны болон транзит визийг олгохоор болжээ. Швейцарийн холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит виз мэдүүлэх энгийн паспорттой иргэд https://visapoint.eu/ac- tion цахим хаягаар орж ярилцлагын цагаа товлох юм байна. Харин албан ажлаар зорчих дипломат, албан паспорттой иргэд зохих материалыг бүрдүүлэн даваа болон лхагва гарагийн үдээс хойш Чех Улсын Элчин сайдын яаманд очиж визийн ярилцлаганд орох боломжтой.
Виз мэдүүлэх иргэд Шенгений бүсэд эхэлж нэвтрэх, эсвэл аяллын ихэнх хугацаагаа Швейцарийн Холбооны Улсад өнгөрүүлэх шаардлагатай аж. Удаан хугацааны бусад төрлийн виз мэдүүлэх тохиолдолд Хятад Улсад суугаа Швейцарийн холбооны Улсын Элчин сайдын яаманд ^андах ёстой байна.
-
2015 оны 12 сарын 16
Агентлагийн даргын баталсан 1/27 дугаартай удирдамжийн дагуу ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.
Уг хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрсэн. Үүнд:
1. Гэр хороололд байрлуулсан зарим цахилгааны щитнүүд тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийн тоолуурын заалтыг харах боломжгүй байгаа юм. Ингэснээр хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй, “УБЦТС” ХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийх явцад тоолуурын заалтын талаар мэдээлэл авахыг хүсэхэд өгдөггүй,
2. Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулдаггүй,
3. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт, түүний зөрүүг бичихгүйгээр төлбөр хураан авдаг.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дээрх зөрчлүүдийг арилгуулахаар хүргүүлсэн тус газрын улсын байцаагчийн албан шаардлагыг бүрэн биелүүлж, дараахь арга хэмжээг авч ажилласан бөгөөд хэрэглэгчдийн эрх, ашгийг хөндсөн зөрчлийг таслан зогсоосон байна. Үүнд:
1. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2015 оны 9,10 сард Нийслэлийн 6 дүүрэг болон Зуслан, зуунмод хотуудад байршилтай нийт 671 цахилгааны щитийг 1,6 метрт байрлуулж буулгасан бөгөөд гэр хороололын бүх хэрэглэгч өөрийн хэрэглээ болон тоолуурын заалтаа бүрэн хянах, мэдээлэл авах бүрэн боломж бүрдсэн.
2. Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй эрчим хүчээр хангах түр гэрээ байгуулдаг болсноор хэд хэдэн айл дунд нэг тоолуураар төлбөр төлөх биш айл болгон тусдаа тоолуураар зөвхөн өөрийн хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой болсон.
3. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж өгч, хэрэглэгчийн хэрэглээний талаарх мэдээллийг бүрэн өгдөг болсон.
-
2015 оны 12 сарын 16
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Барьцаалан зээлдүүлэх газруудын /ломбард/ үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор хяналт шалгалтын ажиллагааг явуулсан. Улсын хэмжээнд 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх газар байдаг бол Улаанбаатар хотод 560 байна.
Энэхүү хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчил байгааг илрүүлсэн. Үүнд:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа борлуулсан эд зүйлийн үнийн дүнгээс зээлдэгчийн төлбөл зохих төлбөрийг суутган зөрүүг буцаан олгодоггүй нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн.
Иймээс ШӨХТГ-аас дээрх зөрчлүүдийг арилган хэрэглэгчтэй байгуулж буй гэрээг Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ерөнхий шаардлага” MNS:5274-2003 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаарзөрчил гаргасан аж ахуй эрхлэгч нарт болон тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд Улсын байцаагчийн 2015 оны 2/112 тоот албан шаардлага, мөн Улсын байцаагчийн 2015 оны 2/32 тоот дүгнэлтүүдийг тус тус хүргүүлж ажилласан. Мөн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тухайн асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллан, тайлагнах талаар чиглэл өгч, зөвлөмж, албан бичгийг хүргүүлж, биелэлтийг гаргуулж ажиллав.
Энэхүү тайлангаар нийт 10 аймгийн Засаг даргын тамгын газар, 5 Дүүргийн тамгын газруудаас тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан талаар тайлагнасан байна. Тухайлбал Иргэний хууль, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын зүйл заалтуудыг мөрдүүлсэн, хэрэглэглэгчидтэй байгуулж буй гэрээнүүдийг Иргэний хуульд нийцүүлэн өөрчлүүлсэн, холбогдох хууль тогтоомжуудын дагуу гарын авлага бэлтгэн тараасан, сургалт зохион байгуулсан, орон нутгийн цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээлэл бэлтгэн байршуулсан зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
ШӨХТГ-аас Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч нарт холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгч, сургалт зохион байгуулж ажилласан. Мөн Баянгол дүүрэгтэй хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн аж ахуй эрхлэгчдээс, зөрчил дутагдлаа арилгасан талаар албан бичгүүдийг ирүүлээд байна.
-
2015 оны 12 сарын 16
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ. Ч:42 “Сүлжмэлийн үйлдвэр - Нарны гүүр - Зайсан”, Ч.51 “3,4 дүгээр хороолол - Дүнжингарав ХТ”, Ч:52 “3,4 дүгээр хороолол - Зайсан” чиглэлд үйлчлүүлдэг иргэдэд хүндрэл учруулахгүй тулд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ, “Сутайн буянт” ХХК, “Монкара” ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж байна. Мөн нийтийн тээврийн өнөөгийн байдалтай уяалдуулан нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн өгсөн албан даалгаврын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн 12 сарын 10-13, 15, 16-ны өдрүүдэд автобуснуудад шалгалт хийв.
Шалгалтад “Монкара” ХХК-ийн 17А “Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам”, 17Б “Зүүн 4 зам - Их тойруу - Баруун 4 зам - Нарны зам” чиглэл, “ДЮЦ”ХХК-ийн 19А “Монел 38 – Сансар - Офицерийн ордон”, Ч35 “Монел 38-Хүнсний 4 – МУБИС – 11 дүгээр хороолол” чиглэл, “Сутайн буянт”ХХК-ийн 18А “3,4 дүгээр хороолол - Ард кино театр - ТЭЦ-4” зэрэг чиглэлүүд хамрагдлаа. Шалгартаар ээлжийн жолоочгүй, ажлын хувцасгүй, автобус нь хүйтэн, буудал зарлагч LED дэлгэц ажиллаагүй зэрэг зөрчил илрэв. Зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 16
Багануур дүүргийн прокурорын газрын тамгын хэлтсээс Эрүүгийн хэргийн салбар болон байгууллагын архивын үйл ажиллагааг шалган, дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Эрүүгийн хэргийн салбар архивын үйл ажиллагааны талаарх журам, зааврын хэрэгжилтийг хангаж архивын нэгж, хэрэг материалын хадгалалт, бүртгэл тооцоог сайжруулах зорилгоор Дүүргийн прокурорын тушаалаар “Архивын үйл ажиллагаанд туслан зааварчилах ажлын хэсэг” байгуулан тодорхой арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайлбал: Хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалуудад бүрэн тооллого явуулсан ба энэ үеэр Нийслэлийн прокурорын архивч Ж.Ганжаргал архивын үйл ажиллагааны талаар мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, хадгаламжийн нэгжүүд, архивын өрөөний нөхцөл байдал, цахим архивын бүрдүүлэлт, архивын цахим бүртгэлийн талаар архивч болон туслах ажилтнуудад практик сургалт явуулжээ.
-
2015 оны 12 сарын 16
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас “Албадан ажил хийлгэх ялын биелэлтийг”-ыг Аймгийн прокуророор батлуулсан удирдамжийн дагуу шалгахад 2015 оны 11 дүгээр сарын байдлаар шүүхээс 7 ялтан 1993 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлж 5 ялтан ялаа бүрэн эдэлсэн бол 2 ялтан ялаа эдэлж байна.
Тус шалгалтаар ШШГЕГ-ын харъяа Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Албадан ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 06 сарын 11-ний өдрийн А/131 тоот тушаалаар батлагдсан “Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам”-ын дагуу хэрэгжүүлэн ажилласан гэж дүгнэгдсэн байна.
Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1 ялтанд өршөөл үзүүлэх тухай асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлж, нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн ба өршөөгдсөн этгээдүүдэд Сум дундын прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийжээ.
-
2015 оны 12 сарын 16
Баян-Өлгий аймгийн прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагтай хамтарч 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд “Хяналт, шалгалт, сургалт нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд гудамж, замд прокурорууд болон замын байцаагч, зохицуулагч нар хөдөлгөөнт эргүүл хийж нийт 115 тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад биедээ бичиг баримт авч яваагүй зөрчил 17, гэрэл шилжүүлээгүй зөрчил 2, жолоочийн хариуцлагын даатгалгүй зөрчил 1, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил 4, хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчил 2, хамгаалах бүс хэрэглээгүй зөрчил 6, бүрэн бус тээврийн хэрэгсэл зөрчил 5 /гэрлэн дохиогүй/, хүн ачаа тээвэрлэх журам зөрчсөн зөрчил 2, тээврийн хэрэгслийн дугаарыг солиулаагүй 4 зөрчил тус тус илэрсэн байна.
Дээрхи зөрчил гаргасан жолооч нарыг эхний удаад торгох шийтгэл оногдуулахгүй “Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн холбогдох заалтыг тайлбарлан өгч, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар анхааруулж зохих шаардлага өгч ажиллажээ.
Мөн “Хариуцлагатай жолооч” шалгаруулж, 2 жолоочид гарын бэлэг гардуулж, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, явган зорчигч нарт “Санамж бичиг” тарааж өгсөн байна.
Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн төрийн байгууллагын албан хаагчид болон бүх шатны ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдад Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай шинэ хуулийн талаар яриа, яриа таниулга хийж, сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болжээ.