Өнгөрсөн мягмар гаригт болсон ҮАБЗ-ийн ажлын уулзалтаар “Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтын талаарх тайланг ҮАБЗ-ийн 2014 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд албан ёсоор танилцуулах үүрэг өгсөн билээ. “Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай” 28/20 дугаар зөвлөмжийн биелэлтийг заалт нэг бүрээр гаргаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах 10 чиглэлээр тайлан тавихыг даалгасан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал яг одоо болж байна. Уг зөвлөмжийн биелэлтийг танилцуулахдаа дараах асуудалд анхаарлаа хандуулахыг зөвлөсөн юм.
Зөвлөмжийн 1.1-д заасны дагуу бондын зарцуулалт, эргэн төлөлт, тавих хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдал,
Зөвлөмжийн 2.1-д заасны дагуу бондоос төсөл, хөтөлбөр сонгон санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдал (Засгийн газрын холбогдох шийдвэрийг хавсаргах),
Зөвлөмжийн 2.2-т заасны дагуу бондын хөрөнгөөр Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг тэргүүн эгнээнд санхүүжүүлсэн байдал,
Зөвлөмжийн 2.2-т заасны дагуу бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр ашиг, эргэн төлөгдөх баталгааг тооцсон байдал,
Бондоос нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 1/3-ээс хэтрэхгүй байх тухай зөвлөмжийн 2.3-ын заалтын хэрэгжилт,
Зөвлөмжийн 2.6-д заасны дагуу бондоос санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгохдоо ил тод, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлсэн байдал,
Зөвлөмжийн 2.6-д заасны дагуу бондоос санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь заасан хугацаандаа хэрэгжиж байх зарчмыг хэрэгжүүлсэн байдал,
Зөвлөмжийн 2.6-д заасны дагуу бондоос санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголтыг иргэний хяналтан дор хэрэгжүүлсэн байдал,
“Чингис” бондын зарцуулалт, үлдэгдлийн дэлгэрэнгүй тайланг хавсаргах,
“Чингис” бондыг ирэх 3 жилд эргэн төлөх эх үүсвэр, хуваарийг тодорхой болгох.