
Ер нь ТҮЦ эрүүл ахуйн шаардлага л хангасан бол ямар хэв загвар, бүтэцтэй байх нь хамаагүй ч юм шиг. Хамгийн гол нь ТҮЦ-нийхээ өнгө үзэмжинд анхаарч, гаднах тохижилтыг сайжруулж, эрүүл аюулгүй бараа бүтээгдэхүүнийг л худалдан борлуулаад байхад болоод явчихна шүү дээ.
Үнэхээр гаднаас нь харахад муухан дэлгүүрээс илүү өнгө үзэмжтэй, сонголт сайтай бараа бүтээгдэхүүнтэй ТҮЦ-нүүд улам олширч байгаа энэ үед сав л хийвэл ТҮЦ-ийг “гадуурхахаа” болих хэрэгтэй гэдгийг ард иргэд ч хэлж байна.
Түүнчлэн, ТҮЦ-нүүдийг нэг стандарттай болгоод зогсохгүй зарах, борлуулах бараа бүтээгдэхүүнийг нь хүртэл нэрлээд өгөх нь зүйд нийцэх зүйл мөн үү?. Мэдээж хугацаа хадгалалтын горим зөрчөөгүй, эрүүл ахиуйн шаардлага хангасан нөхцөлд л бол тухайн ТҮЦ-нд жижиг шажиг бичень, чихэр зарж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ.
Өөрөөр хэлбэл нэг загвартай болсон ТҮЦ-үүдээр зөвхөн сонин, сэтгүүл, ном, хөлдөж гэмтэхгүй бичгийн хэрэгсэл, төрөл бүрийн цахим карт, ахуйн хэрэглээний нэг удаагийн бээлий, хүнсний скоч, хүнсний уут, тор зэрэг барааг худалдах аж.
Харин хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй байна гэдгийг Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс хэлээд буй юм. Тэгвэл үүнийг сонссон ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлдэг бүх хүмүүс бухимдалтай байна. Учир нь тэд жижиг шажиг бичень, чихэр, бэлэн гоймон мэтээр өдрийнхөө орлогыг бүрдүүлдэг шүү дээ.
Гэтэл шинэ журмаар хүнс зарахыг хүртэл хориглосон нь хэр шударга вэ?. Энэ мэт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн яриад байгаа зүйлүүд амьдралд ойр биш, бодит байдал төдийлөн нийцэхгүй зүйлүүд байгааг иргэд удаа дараа шүүмжилж байгаа юм.
Хотын Ерөнхий менежер Б.Бадрал хэлэхдээ “Улаанбаатар хотод түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хэрэгцээ байгаа боловч стандартыг нарийн тогтоож, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгаа. Тиймээс түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалах бараа бүтгээдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг нарийн тусгасан журам боловсруулсан” гэв.
Харин энэ журманд нь дээрх хүнс зарахгүй, нэг стандарттай болох, дүүргээс зөвшөөрөгдсөн байршилд түргэн үйлчилгээний цэгүүдийг ажиллуулах зэрэг багтсан юм.
Юутай ч ТҮЦ-үүдийг нэг стандарттай болгоход иргэдийн халааснаас хэдэн төгрөг гарч, хэр хэмжээний орлогоо алдах нь тодорхойгүй байгаа юм. Мэдээж ТҮЦ-үүдийг нэг стандарттай болгочихоод эргүүлээд хүмүүст худалдан борлуулж л таарна. Энд хэн нэгний бизнесийг сайжруулах, ашиг сонирхолыг нэмэгдүүлэх зүйл явагдаж л таарна. Гагцхүү ТҮЦ-үүдийг нэг загвар, стандарттай болгосноор хэний халаас түнтийх бол гэдэг сонин. Өмнө нь шаардлага хангахгүй байгаа нэрийдлээр баахан ТҮЦ-ийг буулгаж байсан. Гэвч нийгэмд гарах хор хохирол буурахаасаа илүү нэмэгдсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, ТҮЦ-ээр амиа борлуулдаг байсан зарим иргэд ТҮЦ-ээ буулгуулчихаад амиа хорлохыг оролдож, зарим нь архинд орж амьдралаа хүртэл алдаж байсан түүх бий. Хотын удирдлагуудад ТҮЦ-ийнхэн жижигдээд байгаа бол ард түмэн ч бас жижигдэх нь ойлгомжтой.
Д.Дуулим
Сэтгэгдэл (22)