Бүх юмны үнэ өсч байхад ганцхан гурилын үнэ л буурсан тухай статистик мэдээ бидний сэтгэлийг бага ч болов тайвшруулав. Гэхдээ яагаад гурилын үнэ буурсан шалтгааныг “Алтан тариа” ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ч.Аюушжав хариулахдаа “хэрэглэгчдийн худалдан авах чадвар эрс буурсан учраас” гэж тайлбарлалаа. Гадаад шалтгаан нь рублийн ханш суларч хойд хөршөөс хямд гурил орж ирэх болсон байна. Өөрөөр хэлбэл иргэд мөнгөгүй болж их хэмжээний гурил худалдаж авч чадахгүйд хүрчээ. Гэтэл үйлдвэрүүд гурилаа зарах шаардлагатай учраас л аргагүйн эрхэнд үнээ бууруулах болсон байна.
Иргэдийн худалдан авах чадвар буурсан гэдэг нь бараг шууд утгаараа Монголын эдийн засаг хямарсан гэдгийг хэлээд байгаа юм. Гэтэл төрийн түшээд, сайд дарга нар минь эдийн засаг яаж хурдацтай хөгжиж байгааг гадаад, дотоодгүй ярьж сурталчилж байдаг. Сүүлийн хэдэн жил дараалан Монгол Улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдлээ. Харин “ардын эдийн засаг” эсрэгээрээ хоёр оронтой тоогоор хямарчээ. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэж Монголчууд ярьдаг. Амьдрал тоо хоёрын хооронд тэгвэл хэд байдаг юм бол доо.