“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэлгээ өнгөрсөн долоо хоногт бараг 8 хувиар буурч, Нью-Йоркийн бирж дэх үнэлгээ нь 3.14 доллар болсон байна. Энэ нь тус компанийн гаргасан мэдэгдэлтэй холбоотой юм. Уг мэдэгдэлд Монголын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд шийдвэрлэх ёстой асуудлыг ирэх сарын 31-нээс өмнө буюу зээл олгох баталгааны хугацааны өмнө амжиж нэг мөр болгохгүй бол далд уурхайн ажил дахин хойшилж магадгүйг анхааруулжээ.
Харин үүнд хариу болгож “Эрдэнэс Оюутолгой” компани хэвлэлийн мэдээ гаргасан бөгөөд үүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь гүний уурхайн оны хоёрдугаар улиралд боловсруулагдаж дуусах техник, эдийн засгийн судалгаанаас хамааралтай болохыг онцолжээ.