Монгол Улс, Шинэ Зеланд Улсын ГХЯ хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо болж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон талт харилцаа, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцжээ.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, Шинэ Зеландын талаас тус Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд азийн газрын дарга Грэхэм Мортон нар ахалсан байна. Мөн тус Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд азийн газрын дарга Грэхэм Мортон Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягт бараалхжээ.
Манай улс Шинэ Зеландын төрийн албаны туршлагаас нэвтрүүлж, манай төрийн албан хаагчид сүүлийн арав илүү жилд Шинэ Зеландын Засгийн газрын дэмжлэгээр мэрэгшил дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдаж иржээ. Хөдөө аж ахуйн салбарт суурилсан эдийн засагтай, хүн ам цөөн, харьцангуй жижиг улсуудын хувьд энэхүү зөвлөлдөх уулзалт нь ач холбогдолтой болсон гэж дүгнэж байгаа аж.