Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ оны үнээр 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оныхоос 25.2 хувиар өсч, 17550.2 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ 2013 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 2.5 хувийн өсөлттэй байжээ.
Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 6144.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 11.7 хувиар өсчээ. Салбар тус бүрээр авч үзвэл хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 13.5 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 20.1 хувь, үйлчилгээний салбарынх 10.0 хувиар нэмэгдсэн байна.
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18383.2 тэрбум төгрөг хүрч өмнөх оныхоос 26.0 хувь, зэрэгцүүлэх үнээр 11.6 хувиар өсчээ. ДНБ-д 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 62.3 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 58.6 хувь, цэвэр экспорт (-20.9) хувийг эзэлж, өмнөх оныхоос эцсийн хэрэглээ 1.9 пункт, хөрөнгийн нийт хуримтлал 2.8 пунктээр буурч, харин цэвэр экспорт 4.7 пунктээр өссөн байна.