Нийгмийн халамжийн сангаас 2014 оны 1 дүгээр сард 143.9 мянган хүнд 9.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. Энэ нь 2013 оны нэгдүгээр сартай харьцуулахад нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 10.1 мянга буюу 7.6 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 3.3 тэрбум төг буюу 54.5 хувиар өссөнийг илтгэж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2014 оны 1 дүгээр сард 50.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3.3 мянга буюу 6.8 хувиар өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 1.7 тэрбум төг буюу 47.3 хувиар нэмэгджээ.
Хүүхдийн мөнгөнд өнгөрсөн сард 962.9 мянган хүүхдэд 19.3 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил” сангаас олгосон байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 27.2 мянган хүн хамрагдсаны 58 хувь нь ахмад настан, 10.8 хувь нь алдар цолтой ахмад настан, 12.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 16.2 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 2.7 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд ажээ.