Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын 5-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.1 хувиар буурчээ.
Тухайлбал хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, үхрийн ястай мах 0.2 хувь, үхрийн цул мах 0.5 хувь, адууны мах 2.0 хувь, ямааны мах 0.1 хувиар буурсан байна. Энэ сарын 5-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7365 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8365 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6500 төгрөг, ямааны мах 5675 төгрөгийн үнэтэй байв.
Харин дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.3 хувиар өссөн бол дээд зэргийн савласан гурил 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурил, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Мөн элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, савласан сүүний үнэ буурч, өндөгний үнэ өөрчлөлтгүй байлаа.