
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан “Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно” гэсэн саналыг намынх нь гишүүд дэмжиж байгаа ч сөрөг хүчин дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Ямартай ч тус хууль батлагдсан тохиолдолд сайд нар эрт эдүгээгийн аль нэг цагт “давхар дээл”-ээ тайлах нь тодорхой болно. Одоо манай Засгийн газрын 18 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа. УИХ нь Засгийн газартайгаа ийнхүү холилдсон үед Засгийн газартай хариуцлага яриад байх боломж үнэндээ байхгүй.
УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байхын сөрөг тал нь мэдээж хариуцлага ярих боломж хомсдоно, парламентын хуралдааны ирц муудна, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт суларна, хувь гишүүн сайдад ажил дээр төвлөрч ажиллах боломж багасч, ажил цалгардана. Энэ бүхний үр дүнд нь засаглалын хямрал нүүрлэнэ. Өнөөдөр ч шинж тэмдэг, ул мөр нь тодорч гишүүдийн ирцгүйгээс хурал хойшлох, хангалтгүй ирцээр чуулган, байнгын хороодоо хуралдуулж байгаа.
Манай улс УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилох тохиолдол өмнө нь байсан уу гэвэл байсан. Гэхдээ гишүүдийнх нь 4/1 нь Засгийн газартаа орсон өнөөдрийнх шиг тохиолдол түүхэнд байгаагүй аж. Ер нь эдүгээ дэлхийн 200 гаруй улсаас 40 гаруй улсад л парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг зөвшөөрсөн байдаг аж. Тэгэхдээ эдгээр улсууд нь ямар улсууд байна вэ гээд аваад үзэхэд 900 гаруй гишүүнтэй Их Британи, 600 гаруй гишүүнтэй Герман гэх мэт парламентын гишүүдийнх нь тоо хэдэн зуугаар яригддаг улсууд байна. Тэр хэдэн зуун гишүүдээс нь 10 гаруй нь Засгийн газартаа орж ажиллахад парламентынхаа үйл ажиллагаанд нөлөөлдөггүй гэнэ. Мөн УИХ-ын гишүүд 1-2 байнгын хороонд харъяалагддаг байхад Засгийн газрын гишүүд 4-5 байнгын хорооны гишүүн байх жишээтэй. Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ, С.Оюун, Н.Батбаяр нар л гэхэд 4-5 байнгын хороонд хамрагдсан байна. Жирийн гишүүдийн зарим нь нэг ч байнгын хороонд хамрагдаж чадаагүй байхад сайдууд 4-5 байнгын хорооны суудал бөглөдөг. Тэгээд хуралдаа суудаггүй жишээтэй. Үүний цаана мөн л төрийн ажил цалгардаж байгаа юм.
Уг асуудлыг энэ долоо УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Харин хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсэх үү, үгүй юу гэдэг асуудал маргаан дагуулж эхлээд байна. Ер нь хуулиндаа бол “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан байдаг байна. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс уг асуудал нь ашиг сонирхлыг зөрчихгүй гэж хэлж байгаа юм. Харин МАН-ын бүлгийн зүгээс үүнийг хууль зөрчинө хэмээн тайлбарлаж байгаа юм. Ингээд “давхар дээл”-тэй Засгийн газрын гишүүд нь санал хураалтад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх асуудлаар зарим гишүүдийн байр суурийг сонслоо.






Т.Хулан
Сэтгэгдэл (3)