
Монгол-Германы хамтарсан "Орхоны хөндийн гео-археологи" төслийн хүрээнд Монгол Алтай нутгаас олдсон хадны оршуулгын дээл, малгай, хөгжмийн зэмсэг зэрэг олдворыг сэргээн засварлалтад илгээсэн нь ийнхүү эргэн ирж байгаа юм.
Эдгээр хөгжмийн зэмсгүүд нь М.Э-ний VIII-XVI зууны үеийн нүүдэлчдэд холбогдох бөгөөд түүхэн үечлэлээр бол Эртний Түрэгийн үеэс Их Монгол улсын үед холбогдох дурсгалууд юм. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байсан эдгээр олдворууд нь маш хурдан муудаж, цаашид устаж үгүй болох шинж илт ажиглагдаж эхэлсэн тул нэн яаралтай сэргээн засварлах, бэхжүүлэх шаардлагын улмаас ХБНГУ-ын Бонн хотын Ландес музейн лабораторитой хамтарсан төсөл хэрэгжүүлжээ. Олдворуудыг хамтран судлах, сэргээн засварлах, бэхжүүлэх зэрэг зардалд хагас сая еврог Германы тал бүрэн хариуцсан байна. Мөн сэргээн засварлалтын ажлын үр дүнг олон нийтэд танилцуулах зорилгоор Бонн, Мюнхен, Голландын Амстердамын музейд тус тус дэлгэн тавьж сурталчилжээ.
Баталгаат 14 ширхэг хайрцаг бүхий олдворуудыг Үндэсний музейд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд багтаан дээрх олдворуудаар үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн толилуулах гэнэ.

Сэтгэгдэл (1)