
-Иргэний хөдөлгүүнүүд тэмцлийн хэлбэрт шилжинэ гэлээ. Яг ямар замаар тэмцэх вэ?
-Өнөөдөр эрх мэдэл, эд баялгийн төлөө шунасан бузар булай хүмүүс юу ч хийхээс ч буцахгүй байна. Энэ байдал цаашаа даамжирвал улс орныхоо төлөө дуугарах хүнгүй болох нь. Байгаль орчин, Монголынхоо төлөө явна гэдэг эр цэрэгтэй адилхан. Тэгэхээр эх орноо хамгаалсан эр цэрэг удахгүй ял аваад явчих байдалд хүрчихээд байна. Мэдээж үүний эсрэг бүх даяараа тэмцэнэ. Үнэн заавал ялдаг учир бид тэмцсээр байх болно. Яг хэдийд тэгнэ, ингэнэ гэж хэлж чадахгүй. Ямартаа ч бүх хөдөлгөөн, иргэд нэгдэж өргөжсөөр байна. Юутай ч хурлын дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч албанд Шинэчлэлийн засгийн газрынханд эрүүгийн хэрэгт үүсгэх ёстой талаар хандах гэж байгаа.
-Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах асуудал юу болж байна?
-Одоогийн байдлаар шүүхийн тогтоол гараагүй байна. Шүүхийн тогтоол гарсанаас 14 хоногийн дараа дунд шатанд гомдол гаргана.
-Эх орон байгаль дэлхийгээ хамгаалах үзэл санаа нь зөв байсан ч зэвсэг барьж тусгай хамгаалалттай газар луу дайрна гэдэг буруу. Өөр арга зам байгаагүй юм уу?
-Ер нь хүнийг амьдрах аргагүй болгохгүйн тулд төр засаг хүн ардынхаа төлөө эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх ёстой. Гэтэл ийм байдалд хүргэчихээд тухайн хүмүүст ял тулгана гэдэг буруу юм.
Бид байгаль дэлхийгээ хамгаалахын тулд юу чадах тэр бүхнээ хийнэ гэдгээ ямагт илэрхийлж байсан. Гэхдээ хийхдээ хэн нэгэн хүнийг алж, гэмтээх байдлаар хийхгүй. Хэрэв хэн нэгэн хохирох ёстой бол гэмт үйлдлийн үүр уурхайг тарьсан тэр хүнийг л хохироох ёстой гэж бид үздэг. Харин Төрийн ордоны гадна болсон үйл явдлыг бид өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа.
Яагаад тэр олон бөмбөг, галт зэвсгүүд гараад ирэв?. Хаанаас гарч ирсэн гэх мэт маш эргэлзээтэй байгаа. Тагнуулын байгууллага энэ үйлдэл болохыг мэдэж байсан гээд байгаа нь ч сонин. Тэгвэл буу зэвсэг хэрэглэх гэж байгааг Тагнуулын ерөнхий газар мэдэж байсан юм бол тэрийг таслан зогсоох ёстой байсан. Гэтэл яагаад таслан зогсоосонгүй вэ?
Тусгай хүчнийхэн гурван алхамын зайтай үйлдлийг гурван секундын дотор аюулгүй болгох үүрэгтэй. Гэтэл яагаад тухайн хүнийг дарж унагаагаад, гурав дөрвөн хүнээр даруулчихсан байхад буун дуу гарсан бэ? гэдэг хачирхалтай.
-Тэгэхээр та нарын зүгээс энэ хэрэгт хардлагын байр сууринаас хандаж байгаа гэж ойлгож болох уу?
-Бидний хардаж байгаагаар энд гүжирдлэг явсан. Өөрөөр хэлбэл, нийгэм, ард олонд гэмт үйлдэл хийсэн байдлаар харуулаад цаад талд нь эдгээрийг шоронд хийж авая гэсэн сэдлээр хандсан. Тухайлбал, 67 сая төгрөг шантаажилж авсан талаар баахан л хэвлэл мэдээллээр цацсан. Гэтэл өнөөдөр тухайн иргэн сайн дураарай мөнгө өгчихөөд тийм зүйл ярьсан нь дарамт шахалтаас болсонтой холбоотой.
-Хэрэг болсоны дараахан ОБЕГ-аас хүртэл гар гранат дэлбэрвэл ийм олон хүн хохирол амсах байсан гэх тоо баримтыг өгөөд байсан. Тэгвэл үүнийг та нар гүжирдлэг гэж үзэж байгаа хэрэг үү?
-Тухайн үед Онцгой байдал тэгж ярьсан ч шүүх хурлын шинжилгээний хариу их сонин гарсан. Тодруулбал, “Шангрелла”-гийн урд байсан гранат өндөр хүчдэлийн тог байтугай, асар их хэмжээний галд хийсэн ч тухайн бөмбөг нь утаа гарахаар өөр аюултай байдал үзүүлэхгүй гэж гарсан.
-Ц.Мөнхбаяр нарыг ялласны дараа Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орсон гэлээ. Энэ талаар тодруулаач?
-Ашигт малтмалын тухай хуулинд 3-4 зүйл, заалтанд өөрчлөлт орсон. Зөвхөн наанаа гэм буруугүй юм шиг ярьчихаад цаанаа маш том хор дагавартай зүйл хийчихээд сууж байна. Хэрвээ зүйл заалт оруулах гэж байгаа бол ийм зүйл хийх гэж байна гээд ард иргэдээс асуух хэрэгтэй. Тодруулбал, Ц.Мөнхбаяр нарт 21.6 жилийн ял өгсөний маргааш Ашигт малтмалын хуульд Монголын үндэсний эрх ашигт ноцтойгоор нөлөөлөх заалт оруулсан. Энэ хүнийг хэлмэгдүүлснээр цаана нь иймэрхүү луйвар явж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (9)