Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел 1-р сарын 23-нд Оюу Толгой уурхайн дэргэд Ханбогд сумын ахмадуудын ажиллуулж буй "Ёс заншлын өргөө"-гөөр зочилж, сумын өндөр настнуудтай уулзан, ярилцсан байна.
Захирал Крэйг Киннел Монгол үндэсний дээл хувцас өмссөн байжээ. Монголд ирээд удаагүй, ёс заншилтай нь сайн танилцаж амжаагүй байсан ч хүмүүстэй хөөрөг зөрүүлж, золгож тавгийн идээ амсан, морин хуур эгшиглүүлсэн гэнэ. Нутгийн ахмадууд шинэ захиралд говийн ард түмний эдэлж хэрэглэдэг дээл, монгол гутал, лоовууз, морин хуур зэргийг үзүүлэн тайлбарлаж өгсөн байна.
Уулзалтын төгсгөлд Ханбогд сумын таван багийн амьжиргааны түвшин доогуур таван өндөр настанд Цагаан сарын баярын тавгийн идээ бэлэглэж, "Ёс заншлын өргөө"-ний үйл ажиллагааг удирдан явуулдаг сумын Ахмадын хорооны найман хүнд гарын бэлэг өгчээ