
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Уул уурхайн яамны удирдлагуудад хандан Д.Батболдод арга хэмжээ авах талаарх захидал илгээсэн нь нэлээн шуугиан тарьж байна. Гишүүд захидалдаа “Танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах тухай хүсэлт, захидлуудыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт иргэд, олон нийтээс ирүүлсээр байна. 2013 оны 7 дугаар сарын 1-нд иргэн Э-гийн амь насыг иргэн Т санаатайгаар бүрэлгэсэн гэмт хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан юм. Уг гэмт хэрэг үйлдсэн Т нь танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдтой хамтран амьдарч байхдаа ийм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өдгөө хуулийн дагуу ял эдэлж байна.Хэдийгээр Д.Батболд нь уг гэмт хэрэгт биеэр оролцоогүй ч түүний хувийн харилцааны зарим үйлдэлтэй холбоотойгоор хүний амь нас хохироод байхад тэрбээр ямар ч шийтгэлгүй өнгөрч байгаад иргэд бухимдаж, төрийн захиргааны албан хаагчийнхаа хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзсээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.1-д зааснаар төрийн захиргааны албан хаагч нь төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй. Харин Д.Батболдын хувийн харилцааны ёс зүйгүй үйлдлүүд нь төрийн албан хаагчийн нэр хүндийг сэвтүүлж байна. Ийм учраас УИХ дахь Эмэгтэй гишүүд бид Д.Батболдыг төрийн албаны үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч өгөхийг хүсч байна” гэжээ.
Харин Уул уурхайн яамны удирдлагууд хариуг одоогоор өгөөгүй байна. Гэвч Д.Батболдыг хэрхэхийг ард иргэд хүлээсээр байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)