Tавантолгой Цахилгаан Станц төслийн явц болон орон нутаг, төслийн нэгжийн хамтран хийх ажлын талаар төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Өмнөговь аймаг болон Цогт-Овоо, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын удирдлагуудад танилцуулжээ.
Уулзалтад Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Цогт-Овоо сумын Засаг дарга С.Төгсбаатар, Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд, Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий нар оролцсон байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа уулзалтын үеэр “Монгол орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулна гэдэг нь Өмнөговьчууд бидний нэр төрийн хэрэг. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө аймаг, сум, багийн удирдлагууд хамтарч ажиллах болно” гэдгээ илэрхийлжээ. Үүний дараа Өмнөговь аймаг болон Төслийн нэгжийн хооронд төслийг хамтран хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан байна.