
Өнгөрсөн сард хуралдсан ММСУХ-ны ээлжит VI их хурлаас баталсан салбар холбоодын дүрмийн дагуу Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоог шинэчлэн, албан ёсоор үүсгэн байгуулах анхдугаар бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Нийслэлийн морин спорт уяачдын холбоо гэх нэршилтэй ТББ байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч үйл ажиллагаа нь доголдолтой, удирдлагын баг бүрэлдэхүүн тодорхой бус гэсэн шалтгаанаар тус холбоонд харьяалалтай цөөн бус гишүүд ММСУХ-нд “Холбоогоо шинэчлэн сайжруулах” хүсэлтийг тавьсаны дагуу зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож, бага хурлын бэлтгэл ажлыг хангасан байна.
Бага хуралд 85 төлөөлөгч оролцсон бөгөөд хөтөлбөрийн дагуу асуудлаа хэлэлцэн, лого, туг, нэршил зэргээс бусад дээр санал нэгдсэн байна. Салбар холбоодын дүрмийн дагуу шинээр үүсгэн байгуулагдсан Нийслэлийн Морин Спорт уяачдын холбооны тэргүүнээр М.Мөнхбаясгалан сонгогдож, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд батламжилсан юм.
24tsag.mn