Өнөөдөр УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Уг хуулийг баталснаар Монголбанкинд алтаа тушаасан нөхцөлд рояльтын татварыг 2.5 хувиар тооцох болж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар алтанд ногдуулж буй рояльтын татвар 10 хувь байгаа юм.
Татвар ийн өндөр байгаагаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлогдсон алтыг хууль бусаар хил давуулж, зарах явдал буурахгүй байгаа юм. Учир нь БНХАУ-д алтанд ногдуулдаг рояльтын татвар 2 хувь бол ОХУ-д 4 хувьтай байна. Тиймээс хоёр хөрштэй энэ төрлийн татвараар өрсөлдөх чадвартай байж, алтаа дотооддоо авч үлдэж, валютын нөөц бүрдүүлэхийн тулд дээрх хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн нь ийн УИХ-аар өнөөдөр батлагдаж байна. Олон сараар удааширсан уг хуулийн асуудлаар МАН, АН-ын гишүүдийн хооронд байр суурьтай зөрүүтэй асуудал байгаа. Ингээд энэ талаар УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын байр суурийг хүргэж байна.

Б.Бат-Эрдэнэ гишүүн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр өмнөх парламентын үед байгалийн баялгаа зөв зохистой, ард түмэндээ ээлтэй байдлаар ашиглах талаар хүчтэй дуугарч явсан гишүүд өнөөдөр засгийн эрхэнд гарч, сайдаас эхлээд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа боловч Ц.Даваасүрэн гишүүнээс бусдынх нь байр суурь 180 хэм эргэчихсэнд харамсаж буйгаа хэллээ.
Б.Бат-Эрдэнэ энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа "Байр суурь нь өөрчлөгдсөний тодорхой жишээ бол сая батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оурулах тухай хууль юм. Энэ хууль анх Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл гэсэн нэрээр УИХ-ын ээлжит бус чуулганд орж ирсэн. Улмаар намрын чуулган руу шилжүүлэн хэлэлцсэн энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хэлэлцэх шаардлагагүй хэмээн төсөл санаачлагчдад буцаасан. Гэтэл хэдхэн хоногийн дараа хуулийн төслийн нэрийг нь өөрчилж оруулж ирээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэйгээр олонхиороо хүч түрэн баталлаа. Энэ хуулиар алтаа ухаж байгаа компаниудад хэт их хөнгөлөлт эдлүүлэх буюу 2.5 хувийн татвар авахаар зохицуулагдлаа. Монголын ард түмэн нөхөн сэргээгддэггүй баялгаа ашиглуулахдаа 2.5 хувийн татвар л авч үлдэхээр боллоо. Гэтэл иргэд цалингаасаа, ахмадууд тэтгэврээсээ 10 хувийн татвар төлдөг. Аль ч байгууллагаас шагнал урамшуулал авахад мөн л 10 хувийн татвар төлдөг. Гэтэл дахин нөхөн сэргээгддэггүй алтаа олборлуулаад дөнгөж 2.5 хувийн л татвар авах гэж байна. Уг хуулийг "Оюутолгой" компанитай огт хамааралгүй гэж эрх баригчид тайлбарлаж байгаа ч Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсад татварын ямар таатай эрх зүйн орчин бий болно, түүнд хамрагдах заалттай. Тийм болохоор Оюутолгойд гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль батлагдлаа. Өмнө нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьж байсан бүх хүнийг ард түмэн УИХ-ын гишүүнээр сонгосон. Гэтэл байр суурь нь өөрчлөгдөж байгаад гайхах юм" гэлээ.
Монголчуудын хувьд асар чухал ач холбогдолтой хуулийг баталлаа

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)