Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор уг хуулийг санаачилсан юм. Өргөн барьсан хуулийн төсөл нь төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна.