Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ногдуулдаг нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь болгон бууруулахаар оруулж ирсэн заалт зөв, буруу эсэх талаар нэлээд нухацтай ярилцлаа. Монголбанкинд тушаасан алтны нөөц ашиглалтын төлбөрийн хэмжээ 2.5 хувь, хэрвээ тушаагаагүй бол дээрх төлбөрийн хэмжээ 10 хувь байхаар төсөлд тусгахаар Ажлын хэсгээс саналын томьёолол оруулж ирсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ажлын хэсгээс өөрчлөн найруулан оруулж ирсэн саналыг дэмжсэн юм.
Түүнчлэн Д.Ганхуяг, Н.Батбаяр нарын гишүүдийн оруулж ирсэн дээр дурдсан заалтыг батлагдсан өдрөөс нь таван жилийн хугацаанд дагаж мөрдөнө гэсэн саналын томьёолол мөн олонхын дэмжлэг авсан. Гишүүд Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтлоо.
Хуульд ийнхүү өөрчлөлт оруулснаар алтны тушаалт нэмэгдэж, валютын нөөц өсөн, ханш нь тогтворжих ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.