Долоо хоногийн эхний хоёр өдөрт ам.долларын ханш өсөж төв банкны нэрлэсэн ханш 1716 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нэгж ам.доллар 1712 төгрөг байсан юм. Хэдийгээр төв банкны ханш ийм байгаа ч валютын зах зээл дээрх бодит үнэ өөр байдаг. Тухайлбал иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг “Найман шарга” валют арилжааны захад л гэхэд үүнээс даруй арав орчим төгрөгийн зөрүүтэй арилжаалагддаг. Мөн дотоод валютийн зах зээлд гол үүрэг гүйцэтгэдэг арилжааны банкуудын хувьд мөн өөрийн гэсэн үнийг тогтоодог. Жишээлбэл Төрийн банк болон Худалдаа хөгжлийн банкны ам.долларын ханшийг үзвэл худалдаж авах үнэ нь 1708 төгрөг, зарах үнэ нь 1726 төгрөг байна. Энэ бол бэлнээр арилжаа хийхэд баримтлах үнэ юм. Харин бэлэн бусаар арилжаа хийвэл авах үнэ 1706, зарах нь 1722 төгрөг болж байна.
Төв банкны үнэ бодит амьдралд тусгалаа олдоггүй тул энэ жил мөнгөний бодлогод шинэчлэл хийж валют арилжааны дотоод захыг өргөжүүлж нэгдсэн нэг үнийг баримталдаг болгох ажлыг Монгол банк, ЗГ хамтран энэ онд эхлүүлэхээр болсон юм.