Худалдаа хөгжлийн банк анхны юанийн бондоо гурван өдрийн дотор амжилттай арилжиж 700 сая юань ойролцоогоор 115 сая ам.доллар босгожээ. Эл хөрөнгө маргааш тус банкны дансанд байрших аж.
“Finance Asia” сэтгүүлд бичсэнээр тус бондын өгөөж 10 хувьд хүрсэн нь юанийн зах зээлд хөл тавьсан арилжааны банкуудын дотроос хамгийн өндөр түвшин гэжээ. Тус банк 700 сая ам.долларын дунд хугацааны өрийн бичгийн хөтөлбөрийн дагуу уг бондыг арилжсан бөгөөд “Moody’s” агентлагийн зэрэглэснээр В1 үнэлгээтэй байдаг юм.
Худалдаа хөгжлийн банкны тус бонд эрэлт ихтэй байсан бөгөөд энэ нь бонд худалдан авах захиалгын хэмжээ 1,4 тэрбум юаньд хүрснээс харагдаж байна. Үнэт цаасны 52 хувийг Хонконгийн хөрөнгө оруулагчид худалдаж авсан бол 42 хувийг Сингапур, үлдсэн хувийг европчууд авчээ.