Хай Би Ойл (MSE:HBO) ХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаар богино хугацаат хөрвөх зээлийг компанийн энгийн хувьцаанд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж ТУЗ-өөс шийдвэрлэсэн. Энэхүү богино хугацаат зээл нь БНАСАУ-ын төрийн өмчит KOECII компанийн 20%-г эзэмшдэг Малайз улсад бүртгэлтэй Ninox Hydrocarbons (L) Berhad (Одоо HBOil (L) Berhad болсон) компанийг 100% эзэмших болсонтой холбоотой юм. KOECII компанийн 80%-ийг БНАСАУ-ын газрын тосны үндэсний хайгуулын компани болох KOEC (“Korean Oil Exploration Corporation”) эзэмшдэг ажээ.
Мөн Хай Би Ойл ХК нь Сингапур улсад бүртгэлтэй Ninox Energy компанийн 12%-г эзэмших болсон бөгөөд тус Ninox Energy компани нь БНАСАУ-ын Зүүн тэнгисийн хайгуул, олборлолтын бүтээгдэхүүн хуваах гэрээтэй (“БХГ”) Korex компанийг 100% эзэмшдэг юм. Хай Би Ойл ХК нь Ninox Energy компанитай урьд нь байгуулсан хөрвөх зээлийн гэрээний дагуу тус компанийн 12%-тай тэнцэх хувьцааг хөрвүүлж ингэснээр Хай Би Ойл ХК-ийн хувьцаа ээмшигчид шууд бус байдлаар Зүүн тэнгисийн газрын тосны боломжит нөөцтэй талбайд хувь эзэмших юм.