Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед гол бараа болох гурилын үнэ нэмэгджээ. Үүнд иргэд бухимдалтай байна. Судалгаагаар “Хангай милс” 80 төгрөг, “Од” 60 төгрөг, “Улаанбаатар гурил” 50 төгрөгөөр тус тус үнээ нэмжээ. Үнэ нэмсэн шалтгаанаа үйлдвэрийн удирдлагууд Үнийг тогтворжуулах хөтөлбөр зогссонтой болон улаан буудайн үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Эдгээр компаниуд Үнэ тогтворжуулах гэрээнд хамрагдаж байсан бөгөөд уг хөтөлбөрийг МАН-ын бүлгээс үр дүнгүй хэмээн үзэж шалгуулахаар түр зогсоогоод байгаа юм. Харин "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо"-ноос хэрэглэгчид зөвхөн үнийн зөрүүнд л сардаа 10 сая төгрөг илүү зарцуулахыг тооцож гаргажээ. Тиймээс тэд цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэх саналыг УИХ дахь намын бүлгүүдэд өгсөн гэнэ. Эс бөгөөс цаашид ч гурилын үнэ улам өсөх магадлалтайг ч мөн анхааруулж байна.