Монголын үндэсний баяр Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монголчууд тавгын боов, бууз, банш, ууцаа бэлдэж эхэлсэн энэ үед харин махны ченжүүд аль хэдийн ууцны үнээ нэмжээ. Уг үнийн өсөлтөд ахмадууд хамгийн ихээр өртөж байгаа юм. Тэд тус баярт бэлдэхийн тулд зургаан сараас нэг жил хүртэл тэтгэвэрийн зээл авч байгаа хэмээн ярьж байна. “Хүчит шонхор” зах дээр ууцны үнэ 200-500 мянган төгрөгийн үнэтэй байна. Жижиг ууц 200 мянган төгрөг бол тарган, том ууц 500 мянга буюу түүнээс дээш үнэтэй байна. Наймаачдын хэлж буйгаар 500 мянган төгрөгний ууцыг авах хүмүүс их байгаа гэнэ. Харин энэ үнэ нь ахмадуудад хүнд тусч байгаа гэдгийг хөгшчүүд хэлж байна. Малчид өглөө эртлэн ченжүүдэд ууц болон махаа зардаг. Энэ үеэр иргэд малчдын гар дээрээс арай хямд үнээр ууц авах боломж байгаа аж. Харин ченжүүдэд очсон тохиолдолд дор хаяж 50-100 мянган төгрөгөөр үнэ нь нэмэгдэж байгаа юм байна. Харин үхрийн өвчүү килограмм нь 8-10 мянган төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)