Манай хөрш орнууд болох Орос, Хятадын банкууд дампуурч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Орос улс гэхэд гурван банкныхаа үйл ажиллагааг зогсоосон бол Хятадын банкууд өрөө цуглуулж чадаагүйгээс болж эхнээсээ хүндхэн байдалд орсон байна. Тэгвэл Монголын банкууд ч аврал ирж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал манайдаа том гэгддэг дөрвөн банкны хоёр нь тун сул дорой, эмзэг байгаа аж. Банкуудын өөрийн хөрөнг маш бага, хадгаламж хумигдаж, зээлийн эргэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд орсон гэнэ. Банкны активын 21 хувийг Монгол банк үндсэндээ өмчилж байгаа бөгөөд арилжааны цөөн хэдэн банк нь төв банкнаасаа илүү хамааралтай болжээ. Цаашилбал арилжааны банкуудын нийт актив энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 18.1 их наяд төгрөг болсон байна. Үүний 21 хувийг Төв банк эзэмшиж байгаа бөгөөд манай улсын гол дөрвөн банк болох “Хаан” банк 2.7 их наяд, Худалдаа хөгжлийн банк гурван их наяд, “Голомт” банк 2.3 их наяд, “Хас” банк 1.4 их наяд төгрөгийн активтай байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ч олон нийтэд мэдээлсэн бөгөөд тэрбээр Монголын банкуудын Төв банкнаасаа хамаарах хамаарал Грекээс ч дор болсон гэж хэлж байгаа юм. Грек нь 2007 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр яг манайх шиг үйл ажиллагаагаа явуулж байж дампуурсан гэдэг. Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хэлж буй зүйл Монголын банкуудад нүүрлэсэн эсэх талаар Монгол банкны зүгээс доорх тайлбарыг хийлээ.
Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийн захирал Д.Батмөнх “Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод үзүүлэлт 41.3 хувьд хүрсэн нь зохистой харьцааны доод хэмжээнээс 15.3 хувиар илүү байна. Өнөөдрийн банкуудын гэнэтийн гарах урсгал, төлбөрийн чадварын хүндрэл, хөрвөх чадварын эрсдлийг даах чадвар сайн байгааг илэрхийлж байна. Банкны салбарын цэвэр ашиг 2013 оны аравдугаар сарын байдлаар 231.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 64.1 хувиар өссөн үзүүлэлт юм” гэв. Түүний хэлж буйгаас үзвэл Монголын банкууд дампуурах эрсдэлгүй болсон аж. Мөн банкууд ч түүний адил энэ тайлбарыг хэлж байгаа юм.
Харин Р.Амаржаргал гишүүн ямар учраас ингэж ярив гэдэг нь хэсэг хугацааны дараа тодорхой болох биз.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)