
Казахстаны нийслэл Астана хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий ээлжит өдөр Монголын таван бөх дэвжээнд гарна.
Өмнөх өдөр Монголын эмэгтэй бөхчүүдээс Э.Даваанасанг 76 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын медалийн эзэн боллоо. Харин 57 кг-ын жинд Б.Хулан, 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдсан ч медаль хүртэж чадсангүй. Ингэснээр Монголын баг эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар өмнөх 18 жилийн буухиаг залгуулав.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг эхний тойрогт БНАСАУ-ын бөх Ох Кён-Рёнтой хүч үзэхээр сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч өнгөрсөн жил Азийн аварга болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн хүчтэй тамирчин юм. Тэд энэ оны “Улаанбаатар опен” тэмцээнд мөн учраа таарч байв.
59 кг-ын жинд Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Испани, Нигерийн бөхчүүдийн барилдааны ялагчтай дараагийн тойрогт хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга Арменийн Вазген Теванянтай барилдана. Түүний хувьд эхний даваанаас эхлэн өндөр түвшний өрсөлдөгчтэй учраа таарч байна.
Харин 97 кг-ын жинд Т.Дэмчигдорж Туркийн Алперен Токгозтой барилдана. Тэрбээр ялалт байгуулбал дараагийн шатанд АНУ-ын бөх Кайл Снайдертай учраа таарах юм. Кайл Снайдер нь олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга бөгөөд энэ жингийн шилдэг бөхчүүдийн нэг билээ.
Үүнээс гадна өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:00 цагаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана.
Л.Баяр




















































