
Өмнөд Африкт өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван тусдаа буудалцаан гарч, 30 гаруй хүн амиа алдан, олон хүн шархаджээ. Цагдаа нар халдлагад оролцсон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Хамгийн олон хүний амь нас хохирсон хэрэг Йоханнесбург хотын ойролцоох Вэдэла сууринд бямба гарагийн орой гарчээ. Тус суурингийн нэгэн бааранд хүмүүс цугласан байх үед найман зэвсэгт этгээд гал нээсэн байна. Цагдаагийн мэдээлснээр халдагчид АК-47 төрлийн автомат буу болон гар буу ашиглаж, эхлээд баарны гадна байсан хүмүүст, дараа нь доторх үйлчлүүлэгчдэд гал нээжээ.
Уг халдлагын улмаас 17 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна. Амиа алдагсдын 13 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд зарим хүмүүсийн гар утсыг дээрэмдээд хоёр автомашинаар хэргийн газраас зугтсан байна.
Цагдаа нар халдлагын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж байгаа бөгөөд хууль бус алт олборлолтын бүлэглэлүүдийн хоорондын нутаг дэвсгэрийн маргаан болон өшөө авалттай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ Кейптаун хотын ойролцоох Лвандле сууринд ням гаргийн үүрээр өөр нэг буудалцаан гарч, 10 хүн амиа алдан, 11 хүн шархаджээ. Мөн Хайелитша сууринд дөрвөн хүн буудуулж амиа алдсан байна.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса дараалсан буудалцаанд санаа зовниж буйгаа илэрхийлж, хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд аюулгүй байдлын байгууллагууд шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой гэж мэдэгджээ. Өмнөд Африкт зэвсэгт хүчирхийлэл, бүлэглэлийн гэмт хэрэг ноцтой асуудал хэвээр байгаа бөгөөд энэ удаагийн халдлагууд тус улсын аюулгүй байдлын нөхцөл байдлыг дахин олны анхаарлын төвд орууллаа.
Л.Баяр























































