
Хятад улс иргэдийнхээ гадаад зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгасан шинэ зохицуулалтыг есдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь үндэсний аюулгүй байдал болон технологийн салбарын нууц мэдээллийг хамгаалах зорилготой гэж Бээжингийн эрх баригчид тайлбарлаж байна.
Шинэ журамд Хятадын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзсэн иргэдийг эх орондоо буцаж ирснийх нь дараа тодорхой хугацаанд дахин гадаадад зорчихыг хориглох боломжийг тусгажээ. Ийм хоригийн хугацаа зургаан сараас гурван жил хүртэл үргэлжилж болно.
Түүнчлэн технологийн импорт, экспортын журам зөрчсөн, эсвэл улсын технологийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн хүмүүсийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах боломжтой болж байна. Энэ нь ялангуяа дэвшилтэт технологи, стратегийн үйлдвэрлэл, төрийн өмчит компаниуд зэрэг эмзэг салбарт ажилладаг хүмүүст илүү их нөлөөлөх магадлалтай.

Хятадын эрх баригчид шинэ зохицуулалт нь энгийн иргэдийн аяллыг хязгаарлах зорилготой биш бөгөөд үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засаг, технологийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж байгаа гэж мэдэгдэж байна.
Гэвч хүний эрхийн байгууллага болон зарим ажиглагчид уг арга хэмжээ нь төрийн байгууллагуудад иргэдийн гадаад зорчих хөдөлгөөнд илүү өргөн хүрээнд хяналт тавих боломж олгож болзошгүй гэж анхааруулжээ.
Шинэ журам нь Хятад улс АНУ болон бусад оронтой технологийн өрсөлдөөнөө эрчимжүүлж буй үед хэрэгжиж эхэлж байгаа нь анхаарал татаж байна. Бээжин сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлыг эдийн засаг, технологийн бодлоготой улам нягт холбон үзэх болсон юм.
Л.Баяр






















































