2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана. Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана.
Албаныхны зүгээс "Ирэх долоо хоногт нэлээд тогтворгүй цаг агаартай байх төлөвтэй. Хүчтэй салхины аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Одоогийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж, шороон шуурга шуурч байна. Энэ нөхцөл байдал өнөө шөнөдөө буурч, нутгийн зүүн өмнөд хэсгээрээ гараад явна. Салхины хүч нь буурч, хур тунадасны хэмжээ нэмэгдэхээр байна. Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн энэ сарын 25-наас баруун аймгуудын нутгаас дахин хүчтэй шуурга шуурах төлөвтэй байна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах"-ыг анхаарууллаа.
Энэ үеэр агаарын температур өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтрэхийг анхаарна уу.
Халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгох, хайрагдах нөхцөл үүсэхээр байгааг мэдээлж байна. Хэлж, анхааруулж байхад иргэдийн хайхрамжгүй байдлаас аваар осол үлддэг гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. 2025 он гарсаар хүчтэй салхи шуурганы зургаан удаагийн тохиолдол бүртгэгджээ. Иргэний амь нас эрсдээгүй. Нийт есөн гэр, 20 хашаа нурж, барилгын 13 дээвэр нурсан мэдээлэл байна.
Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхины 50 хувь 3-5 дугаар сард, 61,4 хувь 3-6 дугаар сард ажиглагдана.
Хүчтэй салхины 20 гаруй хувь нь 12-15 цагийн хооронд ажиглагдана.
Шороон шуурганы 61 хувь нь 3-5 сард ажиглагдана гэж ЦУОШГ-аас мэдээллээ.