УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамиртай Level-Up хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Level up хөтөлбөрийн талаар товч танилцуулаач?
-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох зорилготой тус хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Энэ санаачилга, хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэхэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын карпораци зэрэг олон байгууллага оролцож байна. Аж үйлдвэрийн хувьсгал, технологийн шинэчлэл, хиймэл оюун хөгжсөнтэй холбогдон санхүүгийн салбарт ихээхэн өөрчлөлт орж байна. Өнөөдөр ахлах ангийн сурагчид хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагч болох боломжтой. Эрсдэлийг урьдчилан тооцож, олон улсын зах зээлийн талаар мэдээллээ тэлж, гэрээсээ олон улсын зах зээлд хөл нийлүүлэн алхаж ашиг олох боломжтой болсон.
-Нийт хэдэн дүүрэг, аймгийн сурагч, багш нар уг хөтөлбөрт хамрагдсан байгаа вэ?
-Одоогоор энэхүү хөтөлбөрт нийт 6 аймаг, 6 дүүргийн 200 гаруй багш, 8000 гаруй сурагчид хамрагдаад байна. Сургалтад оролцогчдын идэвх оролцоо, сэтгэгдэл өндөр байгаа.
-Хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа вэ?
-Энэхүү хөтөлбөр нь 6 сарын турш хэрэгжих бөгөөд сургагч багш нарыг бэлтгэх, үе тэнгийн нөлөөллийн ажил зохион байгуулах, үе тэнгийн сурагч багш нарыг бэлтгэх, санхүүгийн сэдэвтэй мэтгэлцээний тэмцээн өрнүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн Ерөнхий боловсролын сургууль сонгон судлах хичээлээр ордог “Бизнес судлал” хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш нарыг мэдээллээр хангах ажлууд уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байна.
-Хөтөлбөрийн үр дүнг таны хувьд юу гэж бодож байна вэ?
-Хөтөлбөрийн үр дүнд санхүүгийн зохих төвшний мэдлэгтэй, зөв дадал зуршилтай дараа үеийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болов уу гэж найдаж байна. Бид зөвхөн сурагчдыг төдийгүй сургуулийн холбогдох багш нарыг бэлтгэж байгаа нь энэ хөтөлбөрт хамрагдах боломж бүрдээгүй сурагчдад зөв үлгэр дуурайлал, хичээлийн агуулгыг албан болон албан бусаар хүргэх багш нарыг бэлдэх боломжтой гэж үзэж байна.
Мөн санхүүгийн мэдлэг дутуу, дулимаг байдлаас шалтгаалан богино хугацаанд ихээхэн ашиг олох хий мөрөөдөлдөө автан цахим мөрийтэй тоглоом, хэрэгцээгүй өндөр хүүтэй зээл гэх мэт санхүүгийн эрсдэлтэй алхмыг цөөнгүй залуучууд хийж өөрийгөө, гэр бүлээ, найз нөхдөө санхүүгийн дарамт, эрсдэлд оруулж байна. Энэ байдлаас сэргийлэхэд тус хөтөлбөр зохих үр дүнгээ өгнө хэмээн итгэж байна.
-Улсын Их Хурлын даргын хувьд мөн орон нутгаар ажиллаж байхдаа сурагчидтай уулзаж байна. Сурагчдын уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Улсын Их Хурлын даргын хувьд аймаг, сумдаар ажиллахдаа ахлах ангийн сурагчидтай уулзаж байгаа. Тэд бол Монголын маргааш ирээдүй. Энэ хүрээнд сурагчдын үзэл бодол, санал санаачилгыг сонсож, зарим тохиолдолд сум, орон нутгийн тулгамдаж буй асуудлын талаар илэн далангүй илэрхийлж буй тэдний ярианаас бодит үнэнийг мэдэрч байгаа.
Энэ нь манай өсвөр насны сурагчдад өөрийгөө илэрхийлэх бүрэн дүүрэн чадамжтай, хүний эрхийн мэдрэмжтэй, нээлттэйгээр төлөвшиж буйг илтгэж байна. Энэ уулзалтуудыг Улсын Их Хурлын Даргын хувьд ихээхэн талархаж хүлээж авч байгаа. Тэдний шинэ соргог санаачилгыг ч дэмжиж, тэдний хувьд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байна.
-Их сонирхолтой санагдаж байна. Сурагчдын хувьд хамгийн их тулгамдаж буй асуудлууд нь юу байна вэ?
-Сурагчдын хувьд олон асуудлыг дурдаж байна. Нийслэлийн ахлах ангийн сурагчдаас ялгаатай нь сумдын ахлах ангийн сурагчид цахим хичээлийн хүртээмжтэй байдал, хичээл сонголтод анги хүрэлцэхгүй байх, сургалтын хөтөлбөрт өөрсдийн саналыг хүртэл тусгахаар хандаж байгаа нь авууштай. Улсын Их Хурлын даргын хувьд орон нутгаар ажиллаж байхдаа холбогдох зарим асуудлыг харьяалах төрийн захиргааны байгууллагад мэдэгдэн шийдвэрлэж ажилласан.