Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ. Энэ удаад бид үндэсний томоохон компаниуд спортын салбарт хөрөнгө оруулж буй хувирлыг хүргэж байна.
Сагсан бөмбөгийн спорт Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчийг аван хөгжиж байгаа билээ. Тамирчдын тоглолтын ур чадвар, багуудын зорилго ч илүү холыг чиглэх болсон билээ. Жишээ дурдахад "Сэлэнгэ Бодонс" өөрийн эгнээндээ NBA-ын бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2016 оны олимпын алтан медальт DeMarcus Cousins-ыг нэгтгэсэн явдал юм.
Гагц эх орондоо ч бус Азидаа тэд од болон гялалзах үеүд бий. Энэ удаад сагсан бөмбөгийн Зүүн Азийн орнуудын клубүүдийн лигийн тэмцээн “Basketball champions league Asia” (BCL)-д манай улсаас "Хасын хүлэгүүд", “Бишрэлт Металл” баг өрсөлдөх юм. Түүнчлэн “Бишрэлт Металл” баг энэ сарын 25-ны өдөр эхний тоглолтоо хийх товтой байгаа.
Хурд хүч, авхаалж самбаа, тактик, оюун нэгдэл, ур чадвар, ойлголцлын талбар болсон сагсанбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд томоохон компаниудын дэмжлэг нөлөөтэй нь гарцаагүй. Тэгвэл эх орноо төлөөлөн "ВСL"-д өрсөлдөх багийг МИАТ (Монголын иргэний агаарын тээвэр) болон Хаан банк ивээн тэтгэн ажиллахаар болсон байна.
Үндэсний томоохон компани болох МИАТ ивээн тэтгэж байгаа нь монголын сагсан бөмбөгийн спортод өрнөж буй "хувирал" хэмээгдэхүйц дэмжлэг мөн билээ. Нэг үеэ бодвол тамирчид бор зүрхээрээ зүтгэх бус нэгэн зорилгын дор цөмөөр нэгдэх болсны тод илрэл нь энэ. Залуусын хүсэл мөрөөдлийг өрдөж, өндөрт гарах хүч өгч буй үндэсний томоохон компаниудад талархлаа.