Боловсролын яамнаас нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд сургуулийн орчинд аюулгүй хяналттай, цэгцтэй харилцааг бүрдүүлэх боломжтой групп, чатад суурилсан Монголнэт үндэсний цахим сүлжээг нэвтрүүлэхээр болжээ.
Сургууль, багш, суралцагч болон эцэг, эх, асран хамгаалагч хоорондын өдөр тутмын харилцаандаа фэйсбүүк цахим хуудсыг ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна. Суралцагчид даалгавраа хийхийн тулд заавал мессенжер болон гаднын сошиал апплейкшн суулгах шаардлагатай болдог. Монголд харилцаа, хүрээлэл, контентын үндэсний сошиал платформ байхгүйгээс хамаарч фэйсбүүкт ихэнх цагаа өнгөрөөх болсон.
Тиймээс Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, сургалтын байгууллагын орчинд гаднын нийгмийн сүлжээг хязгаарлах боломж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн одоогийн хэрэглээг нөхөх үндэсний платформыг хөгжүүлэх талаар ярилцжээ.
Уг платформыг сургуулийн орчинд нэвтрүүлснээр “ХУРДАН”-гаар баталгаажсан хэрэглэгч, сургуулийн олон нийттэй харилцах албан ёсны хуудас, анги бүлгийн хүрээлэл, чат болон баталгаатай бүх төрлийн цахим контентыг түгээх боломжийг бүрдүүлж хойч ирээдүй болсон ЕБС-ийн сурагчид, өсвөр үеийнхний цахим эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бий болгох аж.