Ноорог” медиагийн найман ажилтныг урд шөнийн 21:00 цагаас 06.30 цаг хүртэл байцааж, оффист нь нэгжлэг хийн, хувийн гар утас болон техник хэрэгслийг хураан авсан талаар “Ноорог”-ийн Гүйцэтгэх захирал О.Уламсайхан болон өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хойшлуулашгүй ажиллагаа гэдэг үгтэй шинээр танилцаж байна. Ер нь маш олон шинэ үгтэй танилцаж байна. Хойшлуулашгүй ажиллагаа гэдэг нь тухайн сэжигтэн нотлох баримтаа нуун дарагдуулах гээд байгаа, гадаад руу оргон зайлах гээд байгаа юм уу, хэргийн газраас зугтааж байгаа тохиолдолд ашиглагддаг үг хэллэг, хууль зүйн тойм байсан.
Бид бол зүгээр л цэргийн баярын өмнөх өдөр ажлынхнаараа CS тоглоод сууж байсан залуус. Биднийг урд шөнө 21:00 цагийн үед Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас олоод ирсэн. Ирээд бүх утас, холбоо барих хэрэгслүүдийг хурааж авсан. Тэгээд шууд авч ирсэн. Бид өмгөөлөгчтэйгөө холбогдмоор байна гэхэд очоод холбоно гэсэн тайлбарыг хэлсэн. Гэвч буцааж өгөөгүй. Мөн үндэслэлийг танилцуулаагүй. Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл заалтад үндэслэн прокурор руу баривчлах хүсэлт илгээсэн. Түүнийх нь хариу иртэл өмгөөлөгч ч үгүй цагдаагийн газар бид хүлээсэн гэсэн үг.
Энэ газар би өмнө нь ирж байсан. Шинэ жилийн өдөр ирсэн. Залгахдаа дандаа ажлын бус цагаар, шөнө орой залгаж, байгаа газраас чинь очиж авна гэдэг.
Ноорогийн хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэсэн гомдол чатаар ирсэн гэж ахлах мөрдөн байцаагч нь танилцуулсан. Хамгийн гол нь фэйсбүүкийн зохиомол нэртэй хүн гомдол гаргасан байсан. Улстөрч байгаагүй.
Бидний өмгөөлчтэй холбогдох эрхийг хангаагүй. Үүнийг би айлгах ажиллагаа л гэж харж байгаа. Боломжгүй зүйл хийгээд баривчлах хүсэлт явуулж байна гэдэг нь айлгах л явдал.
Ноорог бол айхгүй, бид хийж буй зүйлээ мэдэж байгаа. Өөрсдийгөө худал мэдээлэл түгээсэн, хэн нэгний нэр хүндэд халдсан гэж огт бодохгүй байгаа.
"Ноорог"-ийн ажлын байрнаас хураасан зүйлийн тэмдэглэл алга. Юу хурааж авсныг ажил дээрээ очиж, бүртгэж байж л мэдэх нь. Гар утас, хувийн эд зүйлсийг маань хурааж авсан. Заримаас нь өмгөөлөгчгүйгээр утасных нь кодыг асууж, нээж байгаад үзлэг хийчихсэн байгаа юм. Хувийн мэдээлэл шүү дээ. Хамгийн гол нь биднийг ажил хийж байгаа, бүтээл туурвиж байгаа залуус гэж хандаагүй. Хоорондоо битгий юм яриад бай, чимээгүй бай, кодоор харилцчихдаг зэрэг зүйлийг хүртэл ярьж байсан.
Тролл гээд байгаагийн тухайд манайх шиг хорин хэдтэй залуучууд нийлээд том бүтэцтэй зүйлийн эсрэг систем ажиллуулдаг үлгэр байдаггүй байх.
Мөн энд хүрэлцэн ирж, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж буй хүнд бүрд баярлалаа" гэлээ.
Сэтгэгдэл (3)