Туулай жилд 1993 оны тахиа жилтнүүд 33 насны мөчлөг тохиож буй тул гүймэгийн засалтай. Билгийн тооллын 33 насанд хүн эхээс төрсөн суудал дээрээ эргэж сууна. Өөрөөр хэлбэл эхээс анх мэндлэхдээ эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудалд төрөх бөгөөд 33 насны мөчлөгт анх төрсөн суудалдаа дахин суудаг.
Энэ туулай жилд 1993 онд төрсөн тахиа жилтнүүдэд 33-ны мөчлөг таарч байна. Энэ суудлын гүймэг нь эхийн хийтэй давхацдаг учир тусгай засал ном, үйлийг хийдэг учиртай. Цаг тооны энэ мөчлөг нь хүний амьдралын маш чухал шилжилт бөгөөд цаашид хэрхэн амьдрах нь 33-ны мөчлөгийг хэрхэн гаргасантай холбоотой гэж үздэг.
33-ны мөчлөг орж буй гал суудалтай эрчүүд, усанд суусан эмэгтэйчүүд тухайн жилд буусан засал номыг хийлгэж, зан үйлийг гүйцэтгэж, сүсэг бишрэлтэй даван туулбал цаашдын амьдралын замаа маш зөвөөр бүтээх эхлэлээ тавилаа гэж ойлгодог. 33-ны мөчлөгийн заслыг хийморийн буулттай өдөр хийхийг чухалчилдаг.
Мөн нөгөө талаас ард түмний дунд заншил болон тогтсон “Ач хариулах ёсон” гэх үйлийг хийнэ. Үүнд ээжийгээ баярлуулж гутал хувцас бэлэглэх, хүзүү хувааж идэх, ээжээрээ өлгийдүүлж, мөөмөө хөхөх, зүсээ хувилгах зэрэг үйлийг өдгөө хүн бүр дагаж гүйцэтгэх болсон байна.
Залуучууд 33-ны мөчлөгийн талаар ерөнхий мэдээллийг сайн ойлгон авч, айж цэрвэхээсээ илүүтэйгээр боломж гэж харах хэрэгтэй хэмээн лам багш нар зөвлөдөг.