XVII жарны 39 дүгээр элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн шороон үхрийн зурлагыг танилцуулж байна.
Шороон үхрийн байцыг махбодын зурхайд дулдуйдан дүрсэлбэл:
Үхэр нь: Улаан биетэй, ногоон толгойтой, эвэр, чих, сүүл болон дөрвөн шийр нь улаан; хөх омруутай, улаан ходоодтой, амаа хумхисан, мяндсан бурантагтай, сүүлээ баруунаа шарвасан байдал бүхий үхэр байна.
Үхэр хариулаач нь: улаан бие, царайтай; хөх дээлэн дээр шар бүс бүсэлсэн, хоёроор сүлжсэн гэзэгнийхээ нэгийг баруун чихнийхээ араар, нөгөөг зүүн чихнийхээ урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан идэрхэн залуу үхрийнхээ хажууд бурантгийг нь барьсан байдалтай алгуурхан алхаж явна.
Шороон үхрийн зураглалаар жилийн ерөнхий байцыг дүгнэвэл:
Залууст сайн, нялхаст дунд, хөгшдөд маш ширүүн, төр засаг ард иргэдээ дэмжин тэтгэж, эгэл ардын амьдрал дээшлэнэ. Уналга ачилга, үр төл арвисан бус, үрт ургамал, тариа жимс ногооны өвчин гарах, үр тариа боловсрох авч гэнэтийн хяруу мөндөр аянга буух, хижиг өвчин дэлгэрэх, нутаг орон нэлэнхүйдээ гандах боловч хаврын гурван сар болон сар бүрийн эхэн саруудад өвс ногоо ургана.