“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, аль эсвэл нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдэг сонголттойгоор E-Mongolia аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал авч эхэлсэн.
Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар E-Mongolia–гаар дамжуулан нийт 400,232 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн 1128 нь нийгмийн сайн үйлс, төсөл хөтөлбөрт хандивлах санал гаргасан бол 19154 иргэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлалын санд хадгалуулах, 379,950 иргэн буюу 94.93 хувь нь ногдол ашгаа бэлнээр авах санал илэрхийлжээ. Санал асуулгыг хоёрдугаар сарын 26-ныг хүртэл авах юм.
Сануулахад, 1072 хувьцааны ногдол ашиг болох 120 мянган төгрөгийг 2024 оны сүүлээр авсан бол сар шинийн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд 100 мянган төгрөг олгох бол ирэх дөрөвдүгээр сард үлдэгдэл 90 мянган төгрөгийг олгох юм.