Монгол Улсын цахим хөгжил, инновацын тэргүүлэгч байгууллага болох "И-Монгол Академи" УТҮГ нь АНУ-ын IAS, Монгол улсын үндэсний MNAS итгэмжлэлтэй тохирлын үнэлгээний байгууллага МонСертф ХХК-аас ISO 27001:2022 (Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо) болон ISO 9001:2015 (Чанарын менежментийн тогтолцоо) олон улсын стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг амжилттай гардан авлаа.
Эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр "И-Монгол Академи" УТҮГ нь мэдээллийн аюулгүй байдлын өндөр түвшний хамгаалалттай, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлсэн, чанарын удирдлагын тогтолцоог бүрэн хангасан байгууллага болохоор баталгаажуулж байна.
ISO 27001:2022 стандарт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг удирдах, кибер халдлагаас хамгаалах чухал арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг олгодог. Энэхүү стандартын хүрээнд "И-Монгол Академи" УТҮГ нь мэдээллийн дэд бүтцээ сайжруулж, аюулгүй байдлын бодлого, журам, хяналтын механизмуудыг боловсронгуй болгосон байна. Үүнтэй холбоотойгоор байгууллага дотоод аудит, эрсдэлийн үнэлгээний системийг бүрэн нэвтрүүлж, мэдээллийн хамгаалалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж ажиллах юм.
Харин ISO 9001:2015 стандарт нь үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, чанарын удирдлагын шилдэг практикийг хэрэгжүүлэх замаар хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэхүү стандартын хүрээнд "И-Монгол Академи" УТҮГ нь дотоод менежментээ сайжруулж, чанарын хяналтын процессуудыг илүү үр ашигтай болгоход анхаарч ажилласан. Үйлчилгээний чанарыг сайжруулснаар төрийн цахим үйлчилгээг хэрэглэгчдэд илүү найдвартай, шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
Энэхүү амжилт нь "И-Монгол Академи" УТҮГ -ын хамт олон олон улсын шилдэг туршлагуудыг нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагийн илэрхийлэл юм. Цаашид байгууллага нь стандартын дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, Монгол Улсын цахим хөгжлийн салбарт тэргүүлэх байр сууриа бататгах болно.
Гэрчилгээ гардан авах үйл ажиллагааны үеэр "И-Монгол Академи" УТҮГ -ын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, энэхүү амжилтыг байгууллагын хамтын хүчин чармайлтын үр дүн хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид ISO стандартуудыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, олон улсын түвшинд нийцсэн цахим засаглалын тогтолцоог хөгжүүлэх зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийллээ.