Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааны ажлыг 2024 оны 10 дугаар сард эхлүүлж, ийнхүү өнөөдөр үр дүнгээ танилцууллаа.
Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан 110 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан байна.
Манай Улс нь 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноо авч, 193 орноос 103-т буюу бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийг “Дэвшиж буй” түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүү зорилтыг хангахад Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа чухал хувь нэмэр оруулах юм.