Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Экологийн цагдаагийн алба, “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-тай хамтран өнөөдөр /2025.02.18/ нийтийн тээврийн автобусны яндангаас гарч буй утаанд хэмжилт хийж, “Supertech” утаа ялгаруулалт бууруулагч төхөөрөмжийг туршилтаар суурилууллаа.
Экологийн цагдаагийн албанаас Евро-5 стандартын түлш хэрэглэдэг автобусны дизель хөдөлгүүрээс гарч буй утааны найрлага, хорт бодис, тортогийг хэмжиж тодорхойллоо. Хэмжилт хийсэн автобусны утаанд хорт бодисын хэмжээ 1.68 хувь, тортогийн хэмжээ 51.5 хувь гарч, стандарт хэмжээнээс давлаа.
Дизель хөдөлгүүрээс гарч буй утааны найрлага, хорт бодисын стандарт хэмжээ 0.3 хувь, тортогийн хэмжээ 30 хувиас хэтрэхгүй байх ёстой юм.
Автобусны утааг хэмжиж, төхөөрөмж суурилуулан замын хөдөлгөөнд оролцуулснаас хойш хоёр өдрийн дараа буюу ирэх пүрэв гаригт дахин хэмжилт хийж, түлш зарцуулалт болон утаа ялгаруулалтын өөрчлөлтийг тодорхойлно.
Мега Мост ХХК-ийн Итали улсаас албан ёсны эрхтэйгээр импортолдог “Supertech” төхөөрөмжийг автомашины түлшний саванд суурилуулдаг. Тус төхөөрөмж нь шатахууны зарцуулалтыг 12 хувь, утаа ялгаруулалтыг 80 хувиар бууруулдаг байна гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.