Монгол Улсын Олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан боллоо.
Хуралдаанаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлуудын тайланг танилцуулж, 2025 онд хэрэгжүүлэх онцлох арга хэмжээг хэлэлцэв.
Засгийн газар 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.
2024 онд манай улс 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.6 тэрбум ам.долларын орлого олсон нь энэ салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болон хөгжиж буйг харуулсан.
Үүний ард хувийн хэвшил, салбарын мэргэжилтнүүд болон олон улсад хийсэн сурталчилгааны үр дүн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, “Go Mongolia” брэндингийн хүрээнд хэрэгжүүлсэн түншлэл, сурталчилгааны үр дүнд 350 сая гаруй хүнд Монгол Улсыг сурталчилж, аяллын шинэ чиглэл болгон таниулж чадсан.
Үүний үр дүнд Монголын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувиар, судалгаанд хамрагдсдын 36 хувь Монгол руу аялах хүсэлтэй гэсэн бол 45 хувь нь хөрөнгө оруулах сонирхолтой гэсэн үр дүн гарсан.
2025 онд “Go Mongolia” брэндийг олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд таниулах зорилт дэвшүүлсэн. Үүнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийг ОУ-д танилцуулан сурталчлах, “Go Mongolia” брэндийг тогтвортой хөгжүүлэх, сурталчилгааны стратегийг шинэчлэх, ОУ-ын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах,
Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монгол Улсын аялал жуулчлалын үнэ цэнийг тодорхойлон, олон улсын зэрэглэл тогтоолгоно.
2025 онд бид “Go Mongolia” үндэсний брэндийг хөгжүүлж, Монгол Улсыг олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөхүйц аялал жуулчлалын чиглэл болгон сурталчлах болно.
Энэ хүрээнд ардчилсан засаглалтай, тогтвортой эдийн засаг бүхий улс гэдгийг таниулахаас гадна, нүүдлийн соёл, тогтвортой аялал жуулчлалыг онцлон сурталчлах стратегийг хэрэгжүүлнэ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.