“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох "Номио" урлангийн үүсгэн байгуулагч Ц.Уянгатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Сар шинийн үзэсгэлэн худалдаанд энэ жил анх удаа оролцож байна. Урлалын цементээр хийсэн бүтээлүүдээрээ оролцож байна.
-Ямар бүтээлүүд байна вэ?
-Маш олон төрлийн бүтээлүүд бий. Тухайлбал, хүүхдийн анхаарал төвлөрөлт, сууж сурах зэрэг хөгжилд зориулсан буддаг 12 жилийн амьтад байна.
Үүнийг хүүхдүүд өөрсдөө будаад сувьнер болгож ашиглах боломжтой.
Шингэн шил материалаар таваг, савангийн суурь болон гарын бэлгэнд өгөх жижиг сувьнерууд гээд олон төрлийн бүтээлүүд байна.
-Нэг бүтээл хийхэд хэр хугацаа ордог вэ? Гар ажиллагаа ихтэй юу?
-Урлалын цементээр хийсэн бүтээл бүрээ нэг бүрчлэн будна, жижиг чимэглэл хийнэ гэх мэт гар ажиллагаа маш их ордог. Өдөрт 3-4 бүтээл хийдэг.
-Таны хувьд хэзээнээс гар урлал хийж эхэлсэн вэ? Бүтээлүүдээ ганцаараа урладаг уу?
-Миний хувьд гар урлалаар бүтээлүүд хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Мэдээж гэр бүлийхэн маань тусална. Дүү маань хүүхэд харж өгнө, нөхөр маань урлал хийхэд тусална, охидууд маань будахад тусална гээд л бүгд гар бие оролцдог.
-Энэ жил нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусад нь квот гаргаж өгсөн юм билээ?
-Тийм ээ. Гэр бүлээрээ бизнесс хийдэг, үзэсгэлэн худалдаанд бүртгүүлж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тусад нь квот гаргаж өгсөн. Үзэсгэлэн худалдаанд түрээсгүйгээр бүтээлүүдээ борлуулах боломжийг бий болгосон нь маш том давуу тал болж байна.
- Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа