БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын наадам гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын зайн уралдаан болоход 33 тамирчин хурд сорив. Энэ зайд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөхөд Э.Ариунтунгалаг 13, Т.Ариунболд 18, Б.Номин-Эрдэнэ 20, А.Энхтуул 21 дүгээр байрт орлоо.
Энэ зайд тус наадмыг зохион байгуулагч орны гурван цаначин медалийн тавцанд гарав. Азийн өвлийн спортын наадмын Монголын баг тамирчдын анхны хүрэл медалийг гүйлтийн цаныхан хүртэж байсан бөгөөд “Саппоро-1986”-гийн гүйлтийн цанын буухиа төрлөөс хүрэл медальтай ирж байв.
Монголын гүйлтийн цанын дасгалжуулагч Д.Баттулга нь Азийн өвлийн спортын анхдугаар наадамд тамирчны хувиар оролцож байсан бол тэртээгээс 38 жилийн дараах отгон (“Харбин-2025) наадамд дасгалжуулагчийн хувиар оролцож буй нь энэ.