Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн шилдгүүдээ тодруулж, өндөрлөлөө.
Отгонтэнгэр их сургууль дээр гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн 128 багийн 384 сурагчид оролцжээ. Багууд “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцсэн байна. Тэмцээн эхний ээлжинд 64 багийг тодруулан хасагдах зарчмаар 32, 16, 8 багуудыг шалгаруулсаар шилдэг дөрвөн баг эцсийн шалгаруулалтад үлдсэн юм.
Сурагчид үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёл зэргээрээ ийнхүү өрсөлдөн тэргүүн байранд Б.Алтангэрэл, С.Баясгалан, Ө.Энэрэл нарын сурагчдын бүрэлдэхүүнтэЙ “Митос” баг шалгарлаа. Харин дэд байранд “Демократ” баг, гуравдугаар байранд “Сүүн зам” багууд тус тус шалгарсан байна.
Мөн шилдэг илтгэгчээр “Их гурвал” багийн гишүүн А.Дөлгөөн тодорсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.