Цаг үеийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "102 дугаарт энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр БГД-ийн 22 дугаар хороо, Зүүннарангийн ... дугаар хаягт 6 хүн угаартсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Байшингийн гаднаас дуудахад сэрэхгүй байна гэдэг зүйлийг анх дуудлага өгсөн хүн тодотгож хэлжээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, хэргийн газрын үзлэгийг хийсэн. Угаартсан байж болзошгүй орчин нөхцөлийн агаарын шинжилгээ, үнснээс дээж авах гэх мэтчилэн тодорхой ажиллагаануудыг явуулсан.
Урьдчилсан байдлаар бүх шинжилгээг хийсэн. Мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт тодорхой хугацааны дараа гарна. Урьдчилсан байдлаар 6 иргэн угаартсан байж болзошгүй гэдэг дүгнэлт гараад байна” гэв.