2025 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт, хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэж байна.
НЭГ. БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
2025 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монгол улсаас баклаврын зэрэгт суралцах оюутан ЭСЯ-аар дамжуулан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдаж байгаа тул сонирхсон хүмүүс өргөнөөр оролцоно уу.
Тэтгэлэгт хөтөлбөр болон хугацаа
Ангилал |
Мэргэжлийн сургуулийн баклавр |
Баклавр |
Тэтгэлэгийн хугацаа |
Солонгос хэлний бэлтгэл 1 жил, баклавр 2~3 жил |
Солонгос хэлний бэлтгэл 1 жил, баклавр 4~6 жил |
ТОПИК 5-аас доош түвшний оноотой тэнцэгч нь Солонгос хэлний бэлтгэл курс(1 жил) хамрагдсаны дараа шалгалт өгч 3-р түвшнээс дээш оноо авсан тохиолдолд бакалаврын зэргийн хөтөлбөртөө дэвшин суралцах, 5-р түвшнээс дээш оноо авсан тохиолдолд Солонгос хэлний бэлтгэл курс(1 жил)-с чөлөөлөгдөнө.
- Тэтгэлэгт суралцах салбар болон болзол : Хавсралтад буй дэлгэрэнгүй журамтай танилцна уу.
- Бүрдүүлэх материал : Хавсралтад буй [Бүрдүүлэх материал]-тай танилцсны дараа, анкет болон бүрдүүлэх материал нийт 4 хувь (эх хувь 1 + хуулбар 3 хувь) өгнө.
- Бүртгэх хугацаа: 2024.9.16(Даваа)-9.30(Даваа)
- Бүртгэх хэлбэр: ЭСЯ-ны ажлын цагаар биеэр ирж материалаа өгнө. (Цайны цагаар бүртгэх боломжгүй)
ЭСЯ-ны ажлын цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:00-17:00 (Цайны цаг : 12:00-13:30)
ЭСЯ-ны хаяг: Махатма Гандигийн гудамж-39, Хан-Уул дүүрэг, УБ хот
Утас: 7007-1020
- Лавлаж тодруулах зүйлээ дараах цахим шуудангаар илгээнэ үү.
БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн олон улсын тэтгэлэгийн төв : gkspniied@korea.kr
ЭСЯ-н тэтгэлэг хариуцсан ажилтан: kormg_cul@mofa.go.kr
ХОЁР. БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2025-2026 оны хичээлийн жилд 220 хүнд тэтгэлэг олгоно. Үүнээс БНХАУ-д суралцаж байгаа болон үргэлжлүүлэн суралцах 151 хүн байгаа бөгөөд шинээр элсэн суралцах бакалаврын 12, магистрант, докторантын 57 буюу нийт 69 хүнд шинээр тэтгэлэг олгоно. Тэтгэлэг дараах байдлаар зохицуулагдана.
Нэг. Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх, эрүүл байх;
- Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;
Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;
Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх; - Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.
Өмнө нь хятад хэлээр Хятадын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүсэлт гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын батламж өгөх шаардлагагүй. Харин Хятадаас олгосон эрдмийн зэргийн гэрчилгээг өргөдлийн материалд байршуулна. - Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт)
- Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, хасна.
Бүртгэл 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
ГУРАВ. ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 оны хичээлийн жилд Орост суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Тэтгэлэг горилогч дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
- Гадаад паспорт /дуусах хугацаа 2027 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс хойш байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар /ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ/
ДӨРӨВ. УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГ
Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан тул өргөдөл гаргахыг хүссэн иргэд ЭНД ДАРЖ материалаа илгээнэ үү.
Та бүхэн “Stipendium Hungaricum”-ын цахим хуудаснаас сонгон шалгаруулалтын хугацаа, суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой тул хариуцлагатайгаар судлан, мэдээлэлтэй танилцахыг хүсье.
ТАВ. ЯПОНЫ ФҮКҮОКАГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КОЛЛЕЖИЙН ТЭТГЭЛЭГ
Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллеж нь бүс нутгийн боловсрол, соёлын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Фүкүока мужийн Дазайфү хотод байгуулагдсан коллеж юм.
- Тэтгэлгийн үндсэн зорилго
Япон Улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино.
- Тэтгэлэгт хамрагдах хүрээ
Хүнсний технологич, тогоочийн ангийн аль нэгийг сонгон суралцана. Дундаас нь анги солих боломжгүй.
А. Хүнсний технологичийн анги (Сурах хугацаа: 2 жил)
- Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Хүнсний технологичийн анги
- Хоолны цэс боловсруулах, хоолны технологийг сайжруулах, шим тэжээл, эрүүл хооллолтын дадлыг суулгах хүнсний технологичийг бэлдэх анги.
B. Тогоочийн анги (Сурах хугацаа: 2 жил)
- Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Тогоочийн анги
- Мэргэжлийн тогооч бэлдэх анги
- Тэтгэлгийн дүн
Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана.
А. Хүнсний технологичийн анги: 2,590,000 иен (2 жилийн төлбөр 62,160,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов)
В. Тогоочийн анги: 2,710,000 иен (2 жилийн төлбөр 65,040,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов)
- Тавигдах шаардлага
- Сурах хугацаандаа сургуулийн дүрэм журмыг сахих, заасан хугацаанд шаардлагатай кредитийг авч, төгсөх;
- Төгссөний дараа тус сургуулиас тогтоосон Коохокай группийн эмнэлэг болон байгууллагад 5 жил ажиллах;
- Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэтгэлгийн бүх төлбөр эсвэл төлбөрийн зарим хэсгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
- Бусад дэмжлэг
- Амьдрах зардлын зээл (хүүгүй)
- Сарын дээд хязгаар 40,000 иен (Японд ирсэн эхний сард 80,000 иен)
- 2 жилийн хугацааны дээд хязгаар: 1,000,000 иен
- Эмнэлгийн төлбөрийн хөнгөлөлт (харьяа эмнэлэгт үзүүлэх)
- Цагийн ажил танилцуулах (сургуулийн харьяа байгууллагуудад цагийн ажил хийх)
- Онгоцны тийз (Сургуульд элсэн орох үед Монголоос Япон хүртэлх нэг удаагийн нэг талын онгоцны тийзийг сургууль даана)
- 1 жилийн дотор сургуулиас гарсан тохиолдолд бүх зардлыг буцааж төлүүлнэ.
- Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл
- Тавигдах шалгуур
Боловсрол: Ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгссөн байх.
Япон хэлний түвшин: JLPT N3-аас дээш (N2 түвшин).
- Элсэн орох хугацаа: 2025 оны 4 дүгээр сар
- Сонгон шалгаруулалт
- Бичиг баримтын шалгаруулалт
- Ярилцлагын шалгалт
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт (Бичгээр, эссэ)
- Бичиг баримтын бүрдүүлэлт
- Өргөдөл (шаардлагатай мэдээллийг бөглөж, цээж зургаа наана);
- Япон хэлний түвшнийг гэрчлэх сертификат (JLPT-д тэнцсэн сертификат, дүнгийн тодорхойлолт);
- Ахлах сургууль төгссөн гэрчилгээний хуулбар эсвэл их сургууль төгссөн гэрчилгээний хуулбар.
- Бүртгүүлэх
- Өргөдлийн маягт (энд дарж татаж авна уу)-ыг khulan0000@gmail.com мэйл хаяг руу илгээнэ.
- Хавсралт материалыг PDF файлаар илгээнэ. (JPEG, PNG, JIF зурган файлаар хүлээж авахгүй)
ЗУРГАА. ЧЕХ УЛСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГ
Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш солилцооны хөтөлбөрийг зарлалаа.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Сургалтын төлбөр
- Амьжиргааны зардал
- Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)
Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд:
- Олон улсын тээврийн зардал
- Виз олголттой холбоотой зардал
- Даатгал
Тавигдах шаардлага
- Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
- Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
Бүртгэл: БҮРТГЭЛ 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 26-НААС 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
- Өргөдөл – (Энд дарж татаж авна уу);
- Төгссөн сургуулийн диплом;
- Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
- Гадаад пасспорт;
- Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
- Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татсан хувь).
Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатайг анхаарна уу. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлэгт хамруулахгүй болно.
- Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263495 дугаарт холбогдон авч болно.
- Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/ -наас авах боломжтой.